УНТЭ-ийн Эрхтэн шилжүүлэн суулгах баг 281 бөөр, 171 элэг, 28 цусны үүдэл эс шилжүүлэн суулгах МЭС ЗАСЛЫГ амжилттай хийгээд байна



Улсын нэгдүгээр төв эмнэлэгт “Эрхтэн шилжүүлэн суулгах өнөөгийн чиг хандлага, аюулгүй байдал” Олон улсын 7 дахь удаагийн хурал болж байна.

Арга хэмжээг нээж УНТЭ-ийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал, Эрхтэн шилжүүлэн суулгах Монголын холбооны тэргүүн, Хүний гавьяат эмч Д.Нямсүрэн нар үг хэлэв.

Энэ удаагийн олон улсын хурал дөрвөн хэсэгтэйгээр зохион байгуулагдаж байгаа бөгөөд УНТЭ, УГТЭ, ГССҮТ болон дүүргийн нэгдсэн эмнэлгийн нийт 50 гаруй эмч, сувилагч болон гадаад, дотоодын эрдэмтэн, судлаачид оролцож, Элэг болон Бөөр шилжүүлэн суулгах мэс заслын өнөөгийн нөхцөл байдал, цусны үүдэл эсийн эмчилгээний ололт амжилтын талаар хэлэлцэж, туршлага солилцох юм.

Монгол Улсад анхны эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал буюу бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг 2006 онд амжилттай хийж байжээ. 2011 онд элэг, 2014 онд цусны үүдэл эс шилжүүлэн суулгах хагалгааг УНТЭ-д эхлүүлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл нийт 281 бөөр, 171 элэг, 28 цусны үүдэл эс шилжүүлэн суулгалтыг амжилттай хийгээд байна.

Б.Хишигжаргал: Нэг жилийн хугацаанд  ховхорсон бөөрөнд дахин бөөр шилжүүлэн суулгах,  донороос цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг нэвтрүүлсэн

Arslan.mn

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал: УНТЭ нь эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг анх удаа нутагшуулсан эмнэлгийн хувьд  “Эрхтэн шилжүүлэн суулгах өнөөгийн чиг хандлага, аюулгүй байдал” Олон улсын 7 дахь удаагийн хурлыг хамтран зохион байгуулж байна. Жил болгон зохион байгууладаг олон улсын хурлаар тухайн жилд гарсан олон амжилтыг хэлэлцдэг. Энэ удаагийн хурлаар цусны бүлэг ондоо донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийсэн. Мөн ховхорсон бөөрөнд дахин бөөр шилжүүлэн суулгах,  донороос цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг нутагшуудах зэрэг олон эмчилгээний аргуудыг өнгөрсөн жилийн хурлаас хойш нэвтрүүлсэн.

Өнөөдрийг хүртэл нийт 281 бөөр, 171 элэг, 28 цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг хийгээд байна. Хэдхэн хоногийн өмнө Монголд анх удаа цусны үүдэл эсийг донороос өвчтөнд суулгах эмчилгээг хийлээ. Аливаа улсын эрүүл мэндийн салбарын хөгжлийг үүдэл эс шилжүүлэн суулгах нарийн технологиор тодорхой хэмжээгээр үнэлдэг. 

Жил ирэх тусам  эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг аюулгүй, хүндрэл багатай олон жилийн амьдрах чадвар нь дээшилсэн байх гэсэн чиглэл рүү анхаарч, өвчтөнд ээлтэй эмчилгээг нэвтрүүлэхээр зорьж ажиллаж байна. Энэ жил УИХ-аар Донорын тухай хууль хуваагдаад Эд, эс эрхтэн шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл хэлэлцэгдээд явж байна. Удахгүй намрын чуулганаар батлагдана. Ингэснээр донорын нас нь буурах, донорын ар гэрт тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх зэрэг заалтууд орж байгаа. Мөн Эд, эс эрхтэн суулгах тусдаа бие даасан агентлаг байгуулахаар төлөвлөж байна. Мөн үүдэл эсийн сан байгуулахаар орсон байгаа.

Д.Нямсүрэн: Эрхтэн шилжүүлэн суулгах багийнхан элэг, бөөр, үүдэл эс шилжүүлэн суулгах, нүдний эвэрлэг болон шөрмөс шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийгээд байна

Arslan.mn

Эрхтэн шилжүүлэн суулгах Монголын холбооны тэргүүн, Хүний гавьяат эмч Д.Нямсүрэн: Өнөөдөр эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал Монголын хөрсөн дээр буусан. Үүнд УНТЭ-ийн эмч, мэргэжилтнүүд болон эрдэмтдийн маш их хөдөлмөрийн үр дүнд амжилттай нутагшуулаад байна.

Өнөөдрийн байдлаар  эрхтэн шилжүүлэн суулгах багийнхан элэг, бөөр, үүдэл эс шилжүүлэн суулгах, нүдний эвэрлэг болон шөрмөс шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийгээд байна. Жилээс жилд тусламж үйлчилгээний чанар, эмч мэргэжилтнүүдийн чадвар, тоног төхөөрөмжийг хангалт сайжирч байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас мэс заслын зардлын 80 хувийг дааж байгаа учраас эмчилгээг авч байгаа үйлчлүүлэгч нарт хүндрэл бэрхшээл маш цөөн гарч байгаа.  Өмнө нь гадаад явж  хийгддэг байсан мэс заслууд өнөөдөр эх орондоо хийгддэг болсон сайхан жишиг болж байна. Элэг шилжүүлэн суулгах багийнхан  цусны бүлэг тохироогүй донороос элэг шилжүүлэн суулгах, ясны чөмөг шилжүүлэн суулгах багийнхан донороос үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг Монголдоо хийж эхлээд байна. Мөн бөөр шилжүүлэн суулгах багийнхан маань хүүхдэд бөөр шилжүүлэн суулгах, донор бөөрийг дурангаар авах зэрэг мэс заслуудыг хийж байна.  

Arslan.mn

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ