Хамгийн аюултай нь Н.Энхбаяр гэнэ үү



Ерөнхийлөгчийн сонгууль ойртох тусам нам хоорондын, мөн нам доторх “алалцаан” ширүүсэх шинжтэй болов.

Оффшорчидтой нам харгалзахгүй тэмцэнэ, хүний өөрийн гэж ялгахгүй гэсэн уриа лоозон дэвшүүлсэн улстөрчид олширлоо.

Тэгвэл “Сантмарал” сангаас хийдэг ээлжит судалгааны дүн өчигдөр задарч, Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээр ханцуй шамлаад байсан зарим нэгэнд “…Дураа цааш нь” гэсэн анхааруулгыг өгөх шиг боллоо. Ерөнхийлөгчийн сонгуульд өөрийгөө сойж байгаа нөхдийн олонх нь энд  гарч ирсэнгүй.

Та хэнийг Ерөнхийлөгч болоосой гэж хүсдэг вэ гэхэд Б.Бат-Эрдэнэ тэргүүлж, Н.Энхбаяр удаалан, Р.Амаржаргал гуравт оржээ. Тэгээд М.Энхболд, С.Жавхлан, Ц.Нямдорж, Н.Алтанхуяг, Х.Баттулга, Э.Бат-Үүл, У.Хүрэлсүх гээд жагсчээ.

Ийм судалгааны эхний аравт багтана гэдэг амжилт л даа. Гэхдээ эхний гуравт ороогүй бол Ерөнхийлөгчийн суудлыг мөрөөдөөд ч хэрэггүй гэсэн үг. Гэвч бодит байдал өөрөөр өрнөхийг үгүйсгэхгүй. Тийм дүр зураг ч харагдаад байгаа.

МАН-ын хувьд намын дарга М.Энхболд, эсвэл У.Хүрэлсүх гэсэн хувилбар яригдаж байна. Хэрвээ М.Энхболд нэр дэвшвэл хөдөө орон нутагт сайн авах магадлалтай. Гэвч Улаанбаатар хот түүний хувьд аюултай бүс.   Нийсэлийн Баянзүрх, Баянгол дүүргийг алдчихсаныг ч хэлэх үү. 

Харин АН-д Ерөнхийлөгчийн суудлын төлөө “гүйх” сонирхолтой олон хүн байна. Харамсалтай нь тэдний заримын нэр дээрх судалгаанд огт гарсангүй. Тиймээс рейтинг тун хүнд байна, одоохон мөнгө, цагаа үрээгүй дээрээ зогс гэсэн үг. З.Энхболд, Д.Дорлигжав, Г.Батхүү, Лу.Болд нарын нэр энд алга байгаа юм.

Олон нийт энэ намаас Р.Амаржаргалд ам сайтай байгаа нь харагдаж байна. Гэвч Р.Амаржаргал намаасаа дэмжлэг авч чадахгүй л болов уу. Түүнд баг байхгүй, хэт ганцаарчилсан тоглолт хийдэг. Мөн тойрог “алдаг” гэх муухан нэртэй. Сайн юм бол Р.Амаржаргалд зөндөө л дөө.

Мөн Н.Алтанхуяг бол хүчтэй өрсөлдөгч. Гэхдээ түүнд нэр дэвших шаанс бага байж магад. “Алтангадас”-ыг АН-ын удирдлагаас шахаж буй ээн цаг үед Н.Алтанхуяг нэр дзэвших эрх олж авна гэдэг юу л бол. Хэрвээ нэр дэвшүүлэхгүй бол шинэ нам байгуулна гээд суучихсан гэж байгаа.

Х.Баттулга байна. Түүнд мэдээж сонирхол байгаа. Гэхдээ нэр дэвших эрх нь хязгаарлагдмал. Ерөнхийдөө Н.Алтанхуягийн адил хуулиар “аргамжуулсан” байгаа. Тэгэхээр “хол явахгүй” нэр дэвшигч гэж намынхан нь үзэж болох талтай.

Ер н бол АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хамгийн магадлалтай хүн бол Э.Бат-Үүл юм.  Ер нь л 1990 оны хувьсгалч, Улсын баатар Э.Бат-Үүлийг монголчууд бүгд мэднэ. Тиймээс тэр тун хэцүү өрсөлдөгч юм.

Гэхдээ энд онцлох ёстой хүн бол яахын аргагүй Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр юм. Товчхондоо хамгийн аюултай нэр дэвшигч бол тэр. Сүүлийн үед түүний нэр дэвших эрх сэргэх гэж байгаа тухай дээгүүр, доогуургүй шуугих болов. Олны яриа ортой гэдэг дээ. Ганцхан хүнээс шалтгаалах энэ шийдвэр гарахад гайхаад байхааргүй цаг хугацаа, үйл явдлын тохироо бүрдсэн. Тиймээс Н.Энхбаяр Ерөнхийлөгчид нэр дэвшиж магадгүй юм. Энэ судалгаагаар бол тэр шууд л сонгогдохоор байгаа юм. Гэхдээ судалгаатай, судалгаагүй Н.Энхбаяр бол МАН, АН-ын хэнийх нь ч хувьд маш аюултай этгээд юм. Гэхдээ МАН-д илүү аюултай. Дундуур нь АН буюу Э.Бат-Үүл “гүйчихэж” магадгүй төлөв харагдаад байгаа юм.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид тодрохын өмнөх дүр зураг нэг иймэрхүү. Өнөөдөр намууд дундаа хамгийн магадлалтай нэр дэвшигчид бол МАН-аас М.Энхболд, АН-аас Э.Бат-Үүл, МАХН-аас Н.Энхбаяр болоод байна. Гэхдээ энэ гурав нэг дор хэзээ ч нэр дэвшихгүй. Хэрэв Н.Энхбаярын нэр дэвших эрх нээгдвэл М.Энхболд гарцаагүй нэрээ татна. Энэ мэтийн өрөг тавдугаар сарын 6-ныг хүртэл үргэлжилнэ гэсэн үг.

 
 
 
Эх сурвалж: news1.mn

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
1
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ