Оньсого мэт тааварлашгүй “Миний нууц”-ыг “Хүннү молл”-д дэлгэх нь



Дэлгэцийн тав дахь уран бүтээлээрээ үзэгч фэнүүддээ сюрприз барихаар зэхэж буй  “Хувьсал” продакшины жүжигчид хэдхэн хоногийн дараа “нууц”-аа задлах нь ээ. Шинэлэг санаа, чадварлаг баг хийгээд техник технологийн дэвшилтэт шийдлүүдээр ямагт олныг гайхашруулдаг тэдний нууц чухам юу байгаа бол...

Сүүлийн хэдэн сарын турш үзэгч олны дунд битүүхэн хүлээлт үүсгээд байсан энэхүү киноны нээлт ирэх гуравдугаар сарын 02-нд “Хүннү молл” кинотеатрт болох гэж байна. МУГЖ Т.Ариунаа, “Мотив” хамтлагийн дуучин Б.Ганбаатар, “Нэгэн зүгт” хамтлагийн дуучин Н.Амарзаяа, дуучин Э.Агиймаа, П.Баярцэнгэл нарын шилдэг уран бүтээлчид ая дуугаа өргөх энэхүү арга хэмжээг “Авьяаслаг Монголчууд” шоуны хөтлөгч, жүжигчин Э.Ууганбаяр хөтлөх ажээ. Шинэхэн бүтээлийнхээ нээлтээр дамжуулж үзэгч фэнүүддээ үргэлж бэлэг барьдаг “Хувьсал”-ынхан энэ үдэш олон нууцаа дэлгэх нь дамжиггүй.

Оньсого мэт тааварлашгүй бүхнийг өөртөө агуулж буй “Миний нууц” киноны зохиолыг “Хувьсал” продакшины жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар бичсэн бөгөөд “Go” студийн захирал, найруулагч Д.Галбаяр ерөнхий найруулагчаар ажилласан байна. Харин гол дүрд нь МУГЖ У.Уранчимэг, СТА Ц.Цэрэнболд, Т.Хулан, жүжигчин Б.Билгүүн, О.Мөнхдалай нар тоглосноос гадна “Хувьсал” продакшины авьяаслаг уран бүтээлчид оролцжээ.

Хүний амьдралд олон нууц бий... Тэр тусмаа хэнд ч, хэзээ ч дэлгэж боломгүй тийм л нэгэн хамгийн нандин, басхүү харуусмаар гашуун нууцыг тээж явдаг хэчнээн хүн байдаг бол... Тэгвэл авьяас чадвар, гоо үзэсгэлэнгээрээ хэдийнэ олонд танигдсан МУГЖ У.Уранчимэг бие галбираа мэргэжлийн тамирчнаас ч дутахааргүй хөгжүүлж, халуухан эрчүүдийн харцыг соронзон мэт татахын учир юу байв... Аргагүй л зангарагтай эр гэгддэг Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Ц.Цэрэнболд харин амьдралд тэмцэх биш тэвчих ёстой үе байдгийг юунд сануулав... Тийм ээ, энэ мэт олон асуултын хариуг үзэгчид “Миний нууц” уран сайхны киноноос олж мэдэхээр хоног тоолон хүлээж суугаа биз ээ. Одоо ирэх гуравдугаар сарын 02-нд “Хүннү молл” кинотеатрт болох “Миний нууц” уран сайхны киноны нээлтийг хамтдаа сонирхож, “Хувьсал”-ын нууцаас хуваалцах л үлдлээ...

 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ