Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргалаа



Засгийн газрын ээлжит хуралдаан 2017.03.29-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

 

НИСЭХ ОНГОЦНЫ ШИНЭ БУУДЛЫН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ ТОГТООЛ ГАРГАВ 

Олон улсын онгоцны шинэ буудлын ажлыг эхлүүлэх, ашиглалтад оруулах бэлтгэл ажлыг хариуцах Ашиглалтын өмнөх нэгж байгуулан ажиллуулах, үүнтэй холбогдуулан Иргэний нисэхийн ерөнхий газрын шууд харьяа алба, байгууллагуудын орон тооны хязгаарыг шинэчлэн тогтоож, шаардлагатай санхүүжилтийг нь шийдвэрлэхийг холбогдох сайд, агентлагийн даргад даалгалаа. Буудлын аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлын хангалтыг олон улсын стандарт шаардлагад нийцүүлэх, гэрчилгээжүүлэх, буудлын эзэмшилд олгосон тусгай хэрэгцээний газрыг Иргэний нисэхийн ерөнхий газрын мэдэлд шилжүүлж, нисэхийн үйлчилгээний зориулалтаар ашиглахыг зөвшөөрөв. Нисэх онгоцны шинэ буудлыг даган хөгжих хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотгол болон хот байгуулах арга хэмжээний төлөвлөгөөний төслийг боловсруулж, энэ оны хоёрдугаар улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг холбогдох сайд, нийслэл, аймгийн Засаг дарга нарт үүрэг болголоо. Нисэх онгоцны шинэ буудлыг агаарын замын олон улсын боомт болгох, боомтын хяналт, шалгалтын бүсийн хэмжээ, хилийн заагийг тогтоох тухай асуудлыг хоёрдугаар улиралд багтаан танилцуулах, гуравдугаар улиралд багтаан буудлыг цахилгааны нэмэлт эх үүсвэрээр хангах эрчим хүчний дэд станц барьж, шугам сүлжээнд холбох, Замын-Үүд дэх Шингэн түлш шилжүүлэн ачих байгууламжид нисэхийн шатахуун шилжүүлэн ачих технологийн шугам бий болгож өргөтгөхийг даалгалаа. 

ГЭР БҮЛИЙН ХЭРЭГЦЭЭНИЙ ЗОРИУЛАЛТААР 8013 ГА ГАЗРЫГ ӨМЧЛҮҮЛЭН 

Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар 2017 онд гэр бүлийн зориулалтаар нийт 8013.52 га газрыг, аж ахуйн зориулалтаар 39.39 га газрыг өмчлүүлэхээр төлөвлөжээ. Иргэдэд үнэгүй өмчлүүлэх газрын 17 хувийг одоо эзэмшиж байгаа хашааны газар, 74 хувийг шинээр өмчлүүлэх, 9 хувийг улсын чанартай авто замын дагуу өмчлүүлэх газар эзэлж байна. Аж ахуйн зориулалтаар өмчлүүлэх газрын 88 хувийг төмс, хүнсний ногоо тарих зориулалтаар, 12 хувийг газар тариалангаас бусад аж ахуйн зориулалттай газар эзэлж байгаа бөгөөд үр тарианы зориулалтаар газар өмчлүүлэх санал нийслэл, орон нутгаас ирүүлээгүй байна. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль хэрэгжиж эхэлсэн 2003 оноос хойш 2016 он дуустал хугацаанд улсын хэмжээнд нийт иргэдийн 17.57 хувь, нийт өрхийн 62.54 хувь нь газраа үнэгүй өмчилж авчээ. Өнгөрсөн 2016 онд гэхэд 44 орчим мянган иргэн 6109 га газраа өмчилж авсан байна.

ЕРӨНХИЙ САЙДЫН ТОМИЛОЛТЫН МӨРӨӨР ТОДОРХОЙ АРГА ХЭМЖЭЭ АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОВ 

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2017 оны 03 дугаар сарын 22-25-нд Ховд, Говь-Алтай, Өвөрхангай, Баянхонгор аймагт ажиллаж, төрийн байгууллага, зарим аж ахуйн нэгжийн ажилтай танилцан, иргэдтэй уулзалт хийсэн юм.  Уг томилолтын талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат Засгийн газрын хуралдаанд танилцуулав. Иргэдээс Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан зарим тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх, томилолтын мөрөөр авах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг холбогдох сайд нарт даалгав.

15 СУМЫН 127 СУМАНД ХАВАРЖИЛТ ХҮНДЭРЧ БАЙНА 

Өнөөдрийн байдлаар манай орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтож, 15 аймгийн 127 суманд хаваржилт хүндэрч байна.  Сүүлийн өдрүүдэд цас ихээр орсны улмаас нөхцөл байдал хүндэрсэн Өвөрхангай, Өмнөговь аймаг дахь Улсын нөөцийн салбар цэгүүдэд хадгалж байгаа 1110 тонн өвсийг үнэгүй, 210 тонн малын тэжээлийг 50 хувийн хямдралтай үнээр малчдад нийлүүлэхээр тогтлоо. Шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах, Засгийн газрын тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох сайд нарт даалгалаа.   

ЖИЛД ДУНДЖААР ЗАМ, ТЭЭВРИЙН 32 МЯНГА ГАРУЙ ОСОЛ ГАРЧ БАЙНА 

Сүүлийн таван жилийн статистик үзүүлэлтээс харахад манай улсад жилд дунджаар 32100 зам, тээврийн осол гарч, 1289 хүн гэмтэн, 558 хүн нас барж 10 тэрбум гаруй төгрөгийн хохирол учирчээ. Өнгөрсөн онд гэхэд л амиа алдсан хүмүүсийн 73.5 хувь буюу 352 нь орон нутагт байсны 136 нь жолооч, 149 нь зорчигч байжээ. Тэгвэл Улаанбаатар хотод  нас барсан 127 хүний 84 нь явган зорчигч байна. Энэ тухай Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг 2012-2020 онд хангах үндэсний стратеги”-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар танилцуулахдаа дурдлаа.

Цаашид зам, тээврийн ослоос сэргийлэх зорилгоор хурд хэмжих багаж, мансуурал шалгах тестээр Замын цагдаагийн ажилтнуудыг хангах, орчин үеийн дэвшилтэт техник, технологи ашиглан орон нутгийн замын хөдөлгөөнд хяналт тавих тооцоо, судалгаа хийх, стандартын шаардлага хангахгүй мотоцикль, түүний сэлбэг хэрэгслийг импортлохыг хориглох талаар санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд оруулахыг холбогдох сайд нарт даалгав.

Үндэсний стратегийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгасан 48 арга хэмжээний биелэлт өнгөрсөн оны байдлаар 72 хувьтай гарсан байна. Буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн хүрдний байрлалыг солих, гэрлийн тусгалыг өөрчлөх, тээврийн хэрэгслийн паркийг шинэчлэх, ослын улмаас хохирсон хүмүүст тусламж үзүүлэх тогтолцоог бүх суурин газарт бий болгох, жолоочийн төв байгуулах дөрвөн арга хэмжээ хангалтгүй буюу 30 хувийн биелэлттэй байна.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 2016 оны байдлаар улсын хэмжээнд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 1782 бүртгэгдсэн. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11.3 хувиар, нас барсан хүний тоо 399 байгаа нь 7 хувиар, гэмтсэн хүний тоо 1247 байгаа нь 9.8 хувиар буурсан гэсэн үг юм. Гэвч орон нутгийн замд хурд хэтрүүлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь буурахгүй байгаа бөгөөд мансууруулах бодис хэрэглэх, хүний амь хохирсон тохиолдол хотод буурч орон нутагт нэмэгджээ.

ДЭД СТАНЦЫН ТӨСӨЛД КОНЦЕССЫН ГЭРЭЭ ШИНЭЭР БАЙГУУЛНА 

“Багануур-Улаанбаатар цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын төсөл”-ийн явц, цаашид авах арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаанд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат танилцууллаа. Үүнтэй холбогдуулан уг төслийн концессын гэрээний хэлэлцээг сонирхсон этгээдтэй дахин хийж, концессын гэрээний төслийг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болгов. “Багануур-Улаанбаатар цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын төсөл”-ийг хэрэгжүүлэх уралдаант шалгаруулалтыг 2016 оны нэгдүгээр сард зарлан, гуравдугаар сард төслийн саналын материал хүлээн авсан боловч, шаардлага хангасан компани шалгараагүй тул шалгаруулалтыг хүчингүй болгоод байсан юм.

ХӨВСГӨЛ НУУРЫН БАРУУН ЭРГИЙН ХЭРЭГЛЭГЧДИЙГ БАЙНГЫН ЭРЧИМ ХҮЧЭЭР ХАНГАНА 

Хөвсгөл нуурын баруун эргийн аялал жуулчлалын бүсийг цахилгаан эрчим хүчээр хангах тухай Эрчим хүчний сайд П.Ганхүү Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Нуурын баруун эргийн аялал жуулчлалын бүсийн дэд бүтцийг сайжруулах ажлын хүрээнд баруун эргийн хэрэглэгчдийг төвлөрсөн эрчим хүчээр холбохыг үүрэг болголоо. Үүнийг богино хугацаанд гүйцэтгэж, 2017 оны зургаадугаар сарын 15-ны дотор ашиглалтад хүлээлгэж өгөхийг Эрчим хүчний сайд П.Ганхүүд даалгалаа.

ӨНГӨРСӨН ОНД 730 ОРЧИМ МЯНГАН ИРГЭН ТӨР, ЗАСАГТ ХАНДЖЭЭ

2016 онд төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд 729 645 иргэн санал хүсэлт, гомдол, шүүмжлэл гаргаснаас 716 775 иргэний өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэж хариу өгсөн нь 98.2 хувьтай байна гэсэн үг юм. 65 316 өргөдлийг холбогдох байгууллага, албан тушаалтанд шилжүүлж, 2583 өргөдлийг хуулийн хугацаа хэтрүүлэн шийдвэрлэсэн байна. Санхүүгийн дэмжлэг, гэр, орон сууц хүссэн, нийгмийн халамж, үйлчилгээ, тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой асуудал хугацаа хэтэрч шийдвэрлэгдсэн дүн гарчээ.

Өнгөрсөн онд Засгийн газрын гишүүд болон яам, агентлагийн удирдлагад иргэдээс 234 534 өргөдөл, гомдол, санал, хүсэлт ирүүлснээс 231 085-ыг нь хуулийн хугацаанд шийдвэрлэсэн нь 98.5 хувийн үзүүлэлттэй байна. Харин аймаг, нийслэлийн төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд 495 111 иргэн хандсаны 485 690-ийг нь хугацаанд нь шийдвэрлэсэн байна. Энэ нь 98.1 хувийн үзүүлэлттэй гэсэн үг юм. Хөвсгөл, Дархан-Уул, Дорнод, Архангай аймгийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтнууд хамгийн их өргөдөл, гомдол, санал, хүсэлт хүлээн авсан байна.  Иргэд ихэвчлэн нийгмийн халамжид хамрагдах, мөнгөн тусламж, тэтгэвэр, тэтгэмж, хөдөлмөр эрхлэлт, газар эзэмших ашиглахтай холбоотой асуудлаар хүсэлт гарган ханджээ.

ТОВЧ МЭДЭЭ: 

-“Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаар хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд 2017 онд хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөсөн боловч хөрөнгө нь улсын төсөвт тусгагдаагүй арга хэмжээнүүдийн судалгааг гаргаж, хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх санал боловсруулахыг сайд нарт үүрэг болголоо.

-Ирэх сарын 5-6-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болох Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны Монгол, Италийн Засгийн газар хоорондын холимог комиссын хоёрдугаар хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрөв. Хуралдаанаар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлаа дүгнэн, цаашдын төлвөө тодорхойлно. Мөн хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, байгаль орчин, аялал жуулчлал, боловсрол, соёл, шинжлэх ухаан, зам, тээвэр, барилга, хот байгуулалтын салбарын харилцааг өргөжүүлэх боломжийг эрэлхийлэх юм. Манай тал Италийн өндөр технологийг боловсруулах салбарт нэвтрүүлэх, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн гуравдагч зах зээлд гаргах зэрэг санал тавихаар төлөвлөжээ.  

-Нийслэлийн газрын мэдээллийн санг улсын солбицлын нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх ажлыг эрчимжүүлж, энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан дуусгаж хэрэглээнд нэвтрүүлэхийг холбогдох байгууллага, удирдах албан тушаалтанд даалгав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ