Д.Дорлигжав: Ерөнхийлөгчийн засаглал бүхий босоо тогтолцоо хамгийн тохиромжтой



Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав мэдээлэл хийлээ.

 

Тэрээр УИХ, Засгийн газрын төвшинд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар зөвлөлдөх санал асуулга явуулах гэж байгаатай холбогдуулан өөрийн боловсруулсан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө танилцуулах нь зүйтэй гэж үзлээ.

Төслөө танилцуулахдаа “Ерөнхийлөгчийн засаглалтай ардчилсан улс байх тогтолцоог агуулсан төсөл. Ерөнхийлөгч ард түмнээсээ сонгогдоод Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдээ томилдог. Засгийн газар нь аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга нараа томилдог. Аймаг, дүүргийн Засаг дарга нар нь сум, хорооны Засаг даргаа, сумын Засаг дарга нь багийн Засаг даргаа томилж, чөлөөлдөг удирдлагын босоо тогтолцоотой байх юм. Намууд зөвхөн УИХ-ын хууль тогтоох үйл ажиллагаанд оролцоно. Гүйцэтгэх засаглал нь улс төрийн намуудын нөлөөнөөс ангид байна. Босоо удирдлагын тогтолцоотой босноор удирдах ажилтнуудыг сонгохдоо салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсийг томилох боломжтой болдог. Мөн итгэл алдсан хүмүүсийг хурдан шуурхай солих боломжтой болно.

Зарим тохиолдолд намууд хууль тогтоох үйл ажиллагаанд оролцож болно. гэхдээ энэ хуулийг баталчихвал Гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаа улс төрийн намуудын нөлөөллөөс ангижирч, орон нутаг дахь намчирхал байхгүй болно” гэв. Босоо удирдлагын тогтоцлоо бүрдүүлж чадвал боловсон хүчнийг намаар ялгаварлахгүй, тогтвор суурьшилтай, мэргэжлийн боловсон хүчин ажиллах боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой аж.

 Мөн өмнө хэлсэнчлэн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг эсэргүүцэж буйгаа дуулгалаа. Эсэргүүцэж буй шалтгаанаа “Нэгдүгээрт, Үндсэн хуулийн өөрчлөлтөөр “давхар дээл”-тэй байхыг баталгаажуулах гэж байна. Хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн олон эрхийг Ерөнхий сайдад шилжүүлэх нь. Энэ нь Гүйцэтгэх засаглалын тэргүүн эрх мэдэлгүй байна.

Хүчтэй байх ёстой гэсэн ярианаас болсон юм шиг байна. Монгол Улсын төрийн албаны завхрал, хариуцлагагүй байдал, эрх мэдлийн төлөөх тулаан, эцэс төгсгөлгүй улстөржилт дөрвөн Ерөнхийлөгчөөс болоогүй. Эсрэгээрээ парламентад суудалтай улс төрийн намуудын улстөржилт, фракцийн зөрчлөөс болсон. Ерөнхий сайдад эрх мэдэл нэмж өгөх нь улс төрийн намуудын эрх мэдлийг л нэмэгдүүлж байгаа хэрэг” хэмээн тайлбарлав. Мөн Ерөнхийлөгчийг УИХ-аар томилдог байх тухай Үндсэн хуулийн өөрчлөлтөд санал оруулж, улмаар зургадугаар сарын 26-нд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулах, цаашдаа сонгууль явуулахгүй байх далд санаа агуулагдсан байж магадгүй учраас энэ талаар ч тууштай тэмцэхээ илэрхийлсэн юм.

 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
1
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ