Тариаланчдад шатахууныг 50 хувийн урьдчилгаатайгаар зээлээр олгоно



Энэ онд нийт 420.8 га-д улаанбуудай, 15.1 мянган га-д төмс, 23.2 мянган га-д малын тэжээл тариалахаар урьдчилан тооцоолжээ. Тариалалтад энэ жил 7.1 мянган тонн дизелийн түлш шаардагдах тооцоотой байгаа аж. Тариаланчдад учрах санхүүгийн дарамтыг бууруулах зорилгоор дутагдах үрийн буудайг 30-40 хувь, шатахууныг 50 хувийн урьдчилгаатайгаар зээлээр олгохоор болсон байна. Харин үлдэгдэл төлбөрийг намрын ургацаас нөхөн бүрдүүлэхээр шийдвэрлэж гэрээ байгуулах бэлтгэл ажлыг хангаж байна. Түүнчлэн энэ онд 166.5 мянган тонн төмс, 102.1 мянган тонн хүнсний ногоо болон 46.4 мянган тонн малын тэжээл, 22.8 мянган тонн тосны ургамал мөн 4000 тонн жимс, жимсгэнэ хураан авах зорилт дэвшүүлсэн байгаа юм. Үүнээс гадна Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Хөгжлийн банктай хамтарч “Хөдөө аж ахуйн техникийн лизинг” төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа талаар мэдээлсэн. Энэ хүрээнд ОХУ-д үйлдвэрлэсэн хөдөө аж ахуйн зориулалттай техник худалдан авахад зориулж Оросын “Экзим” банкнаас 3-5 жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлтэйгөөр 10 сая ам.долларын зээл авахаар уулзалт, яриа хэлцэл хийж байгаа аж.

Мөн ойрын хугацаанд буудай, төмснөөс гадна гол нэрийн хүнсний ногооны хэрэгцээг 100 хувь, харин таримал тэжээлийн 60 хувийг дотоодын ургацаас хангаж, даатгалын тогтолцоог бүрдүүлэх зорилт тавьж байгаа талаар салбарын яам онцоллоо.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ