Б.ОЧИРБАТ: ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ШИНЭ ЗОХИЦУУЛАЛТ ХЭВШТЭЛ ТОРГОХГҮЙ



Замын хөдөлгөөний шинэ зохицуулалтыг өнөөдөр мөрдөж эхэлсэн. Энэ хүрээнд Замын цагдаагийн албаны Техник замын хяналтын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, хошууч Б.Очирбаттай ярилцлаа. 

-Өнөөдрөөс замын хөдөлгөөний шинэ зохицуулалтыг мөрдөж эхэлсэн ч зарим жолооч энэ талаар хангалттай ойлголтгүй явна. Энгийнээр тайлбарлаж өгнө үү? 
-Автомашины түгжрэлийг бууруулах арга хэмжээ авах талаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон нийслэлийн Засаг дарга, ИТХ-ын даргын бүрэн эрхэд заасан байдаг. Энхтайваны өргөн чөлөөний тодорхой хэсэг замд зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргасан. Үүнийг өнөөдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Энхтайваны өргөн чөлөө баруун дөрвөн замаас зүүн, зүүн дөрвөн замаас баруун чиглэлд зорчиж буй тээврийн хэрэгслийн зүүн гар тийшээ эргэх хөдөлгөөнийг тодорхой зарим уулзварт хориглож байгаа. Тодруулбал, зүүн дөрвөн зам дээр зүүнээс баруун тийш зорчиж байгаа тээврийн хэрэгсэл урагшаа “Нарантуул” худалдааны төв рүү эргэх боломжтой. Харин баруунаас зүүн тийшээ зорчиж байгаа тээврийн хэрэгсэл хойшоо буюу зүүн гар тийшээ эргэхгүй. Үүнтэй холбоотойгоор “Бөмбөгөр”-ийн уулзвараас XI сургууль руу чиглэсэн Чоймболын гудамжны нэг чиглэлийн хөдөлгөөнийг сөрөг болгосон. Мөн нэгдүгээр сургуулийн зүүн талын зам сөрөг хөдөлгөөнийг хойшоо нэг чиглэл болгож өөрчилсөн. Эдгээр чиглэлд ийм өөрчлөлт оруулснаар XI сургууль, “Цэцэг төв”, Төв шуудан, Гадаад харилцааны яам, Багшийн дээд, Бөхийн өргөөний уулзвар гэсэн чиглэлд аль аль талаасаа зүүн гар тийшээ эргэх боломжгүй. Харин баруун дөрвөн замын хувьд одоогийн зохицуулалтад ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй. Өмнөх шигээ хэвээр үргэлжилнэ.

-Ийм байдлаар хөдөлгөөнд зохицуулалт хийснээр автозамын ачаалал, түгжрэл улам нэмэгдэнэ гэж иргэд, жолооч нар шүүмжилж байна.  Харин та бүхэн хэдэн хувиар бууруулна гэж тооцсон бэ? 
-Энэ зохицуулалтыг хийснээр хүний биеэс өргөс авчихсан мэт ачаалал буурч, түгжрэлгүй болохгүй. Үүнийг иргэд зөв ойлгох хэрэгтэй. Замын хөдөлгөөний удирдлагын төвд тусгай программ бий. Тухайн программ дээр нийслэлд хөдөлгөөнд оролцож байгаа нийт тээврийн хэрэгслийн тоо байдаг. Түүгээр уулзвар, зорчиж буй урсгал, чиглэл бүгдийг  цаг хугацаатай нь тооцож үздэг.  Энэхүү тооцооллоор тухайн уулзвар дээр хүлээгдэж байгаа гэрлэн дохионы асах хугацаа багасч байгаа. Ингэснээр тухайн уулзварт хүлээх хугацаа багасч, ачаалал 30-40 хувиар буурна. Нийслэлийн автозамын ачааллыг бууруулахын тулд давхар автозам тавих, төлбөртэй бүс тогтоох хэрэгтэй гэх мэтээр янз бүрийн санал иргэд, олон нийт гаргадаг. Давхар төвшний автозам, гүүрэн гарам, огтлолцолгүй давхар төвшний зам нийслэлд гурав бий. Энэ жил Замын цагдаагийн урд уулзварыг давхар төвшний огтлолцолтой болгох төслийг хэрэгжүүлж байна. Ийм ажил тодорхой хөрөнгө, хугацаа шаарддаг учраас энэ мэт ажлыг хүлээгээд ачаалалтай, түгжрэлтэй байгаад байх уу. Сүүлийн үед дэлхийн улс орон түгжрэлийг бууруулахын тулд зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг хориглож, шулуун хөдөлгөөнийг дэмжих болсон. Өөрөөр хэлбэл, тухайн улс орон ихэвчлэн тойрох, нэг чиглэлийн хөдөлгөөнийг сонгодог гэсэн үг.

-Хэдийгээр олон улсад ийм зохицуулалт хийж байгаа ч энэ нь манай улсын хувьд хэр зохимжтой шийдэл вэ? 
-Иргэд энэхүү шийдвэрийг нэг талаас харж байна. Би ажилдаа ингэж явдаг, хүүхдээ сургууль, цэцэрлэгт тэр замаар хүргэж өгдөг. Ийм зохицуулалт хийснээр би тойрч, хугацаа алдах гээд байна. Миний эрхийг зөрчлөө гэдэг үүднээс хандаж байна. Энэ нь бидний нүүдлийн соёл иргэншилтэй холбоотой байж болно. Өөрөөр хэлбэл, айлын гадаа очоод уяан дээр нь морио уядаг шиг жишээлбэл, машинаа заавал дэлгүүрийн үүдэнд тавих сонирхолтой. Ийм сэтгэхгүйгээр хүлээж авч байна. Өөрийнхөө биш, бусдын эрх ашгийг бодох хэрэгтэй. Зарим хүмүүс “Энэ автозам ачаалалтай байна. Өргөн болгох хэрэгтэй” гэдэг.  Түгжрэл, ачаалал автозамынхаа өргөн, нарийнд байдаггүй. Хамгийн гол нь зөв зохицуулалт, зохион байгуулалт чухал. Жишээлбэл, Швед улс томоохон хотууддаа зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг хориглосон. Ойрын жишээ дурдвал, Улан-Үд, Эрээн хот мөн зүүн гар тийш эргэх хөдөлгөөнийг хориглож, тойрох, нэг чиглэлээр оролцдог.  Гадаадын улс оронд манайхтай адилхан нарийхан зам байдаг мөртлөө түгжирдэггүй. Тиймээс энэ зохицуулалт манай оронд тохирохгүй гэсэн ойлголт байж болохгүй. Хамгийн гол нь бид тухайн талбайг яаж зөв блоклох уу, урсгалыг нь хэрхэн нэг чиглэл болгох уу, яаж тойрох  хөдөлгөөнийг авах гэдэг зохион байгуулалт л чухал. 

-Автозамын ачааллыг бууруулах та бүхний дээрх тооцооллоос нөхцөл байдал эсрэг тийш эргэж, асуудал үүсэхвий. Үүнд хэр зэрэг бэлтгэлтэй байна вэ? 
-Замын хөдөлгөөний удирдлагын камер, алба хаагчдын зохицуулалтаар хаана түгжирч байна, ямар нөхцөл байдал үүсч буйд үнэлгээ хийж, гэрэл дохионы асах цагийн горимд өөрчлөлт оруулах, тээврийн хэрэгслийг хуваарилж нэвтрүүлэх зэргээр шат шатанд нь арга хэмжээ авч ажиллана.  Хамгийн гол нь иргэд, жолооч нарын оролцоо маш чухал. Өөрийнхөө үйлдэлд анхаарах биш, бусдын хөдөлгөөнийг хүндэтгэх хэрэгтэй. Туслах зам дээр автомашинаа байрлуулах явдал олон тохиолддог. Ялангуяа “Сонгдо” эмнэлэг, “Баянзүрх” зах орчимд ийм байдал их гардаг.  Энэ мэт үйлдлээс болж, түгжрэл бий болдог. 

-Зүүн гар тийш эргэхгүй байх зохицуулалт нийтийн тээвэр болон тусгай дуудлагын автомашинд үйлчлэх үү? 
-Замын хөдөлгөөний дүрмийн дагуу тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулсан тэмдэг, тэмдэглэл тавьсан тохиолдолд ямар ч тээврийн хэрэгсэл түүнийг зөрчих боломжгүй. Тиймээс нийслэлийн нийтийн тээврийн хөдөлгөөний чиглэлд тодорхой өөрчлөлт оруулна. 

-Энэхүү ажлыг яагаад заавал нийслэлийн хөдөлгөөн нэмэгддэг энэ цаг үед эхлүүлэв.  Хөдөлгөөн сийрэг үед хэрэгжүүлсэн бол? 
-Иргэд зургаа, долоодугаар сард амралтын байдалтай байдаг. Энэ сарын дунд үеэс хөдөлгөөн нэмэгдэж, ирэх сарын 1 гэхэд жигдэрдэг. Тиймээс аажмаар дасан зохицуулах, хэвшүүлэх ажлыг зохион байгуулж, жигдрүүлэх зорилготой энэ цаг үед эхлүүлж байна. Ингэснээр тодорхой үр дүн гарах болов уу. 

-Хөдөлгөөний шинэ зохицуулалтыг мөрдөж хэвшээгүй байхад торгуулийн арга хэмжээ авахвий гэсэн болгоомжлол жолооч нарт байна.  
-Иргэдийг ая тухтай, түгжрэлгүй, чөлөөтэй зорчих боломжийг бүрдүүлэх үүднээс энэхүү арга хэмжээг авч байна.  Тиймээс эхний ээлжид ямар нэгэн торгууль ногдуулах асуудал байхгүй. Иргэд, жолооч нарт сануулах, ойлгуулах, хэвшүүлэхэд анхаарч ажиллана. Ингэхдээ биет зохицуулагч буюу алба хаагчдыг олноор ажиллуулна. Иймд иргэд, жолооч нар ямар нэгэн сөрөг үйлдэл гаргахгүй, дуут дохио өгөхгүй, зохицуулагчийн хэлсэн шаардлагыг биелүүлж хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.  Харин тодорхой хугацааны дараа автозамын тэмдэг, тэмдэглэл, гэрэл дохионы заалт зөрчсөн жолооч нарыг Замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилтийг хангуулж, хариуцлага тооцно.

-Ийм байдлаар төв замыг чөлөөөлж байгаа нь албан тушаалтнуудын эрхийг хангасан үйлдэл гэж хардах хүн цөөнгүй байна. Үнэхээр томчуудын нөлөөгөөр ийм ажил зохион байгуулж байгаа юм уу. Яагаад заавал өөрчлөлт оруулав?
-Тийм зүйл байхгүй гэдгийг хариуцлагатай хэлье. Энэ бол манай нийгмийн өвчлөл. Аливаа зүйлийг улстөржүүлдэг, буруу тал руу нь эргүүлж, мушгидаг явдал газар авсан. Иргэдийн саналыг сонсч, түүнийг судалж үзээд хэрэгжүүлж байна. Түүнээс хэн нэгэн албан тушаалтны эрх ашгийн төлөө хийж байгаа ажил биш. Нийслэлийн хэмжээнд гол ачаалалтай гурван том автозам бий. Олимпын гудамж, Чингисийн болон Энхтайваны өргөн чөлөө. Эдгээр автозамаар өдөрт  250-350 мянган тээврийн хэрэгсэл эрчимтэй зорчиж байна. Тиймээс шулуун хөдөлгөөнийг дэмжиж, ачаалалтай автозамын урсгалыг чөлөөлснөөр туслах замын хөдөлгөөнийг том зам руу оруулж, ачааллыг багасгах тооцоо гаргасан. Үүн дээр үндэслэж, энэхүү ажлыг зохион байгуулж байна.  Үүнээс гадна нийслэлийн тээврийн хэрэгслийг дэмжих зорилготой. Тодруулбал, нийслэлийн тээврийн газраас тусгай замын автобусны төслийг Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлэх гэж байна. Ингэхдээ тухайн автобус “Таваншар”-ын уулзвараас Офицеруудын ордон хүртэл зорчих юм. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр зүүн гар тийш эргэх боломжгүй болно. Тиймээс нэг талаараа иргэдийг урьдчилан хэвшүүлэх зорилготой.

-Энэхүү өөрчлөлтэй холбоотой автозамын таних тэмдэг, тэмдэглэл хангалттай байрлуулсан уу? 
-Хөдөлгөөний өөрчлөлт хийсэнтэй холбоотой автозамын тэмдэг, тэмдэглэл, гэрэлт дохионд өөрчлөлт орсон. Тиймээс Автозамын хөгжлийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв хамтран холбогдох тэмдэг, тэмдэглэл, гэрэлт дохионы өөрчлөлтийг хийж байна. Мөн хөдөлгөөний бүдүүвч тэмдэг тавьж байна. Хөрөнгө мөнгө, цаг хугацаа шаардлагатай байгаа тохиолдолд түр тэмдэг, хашлага хэрэглэнэ.

-Замын цагдаа нар зохицуулалт сайн хийдэггүйгээс автозам түгжирдэг гэх тал бий. Ер нь Замын цагдаагийн алба автозамын ачаалал бууруулах, түгжрэлийг зохицуулах чиглэлд хэрхэн анхаарч байна вэ? 
-Замын цагдаагийн газрын үндсэн чиг үүрэг нь Замын хөдөлгөөны аюулгүй байдлын тухай хуульд зааснаар зам тээврийн ослыг бууруулах, түүнээс гарч буй хохирлыг багасгах, урьдчилан сэргийлэх. Мөн замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилтэд хяналт тавих, хариуцлага тооцох, хөдөлгөөн зохицуулах үүрэг, чиглэлтэй. Ер нь бид хүний биеэр хөдөлгөөн зохицуулах чиг үүргээс татгалзаж, хяналт шалгалтынхаа хуулийн хэрэгжилтийг хангахад голлон ажиллаж байна. Түгжрэлийг багасгахын тулд хамгийн гол нь хот төлөвлөлт буюу автозам, барилга байгууламжийг зөв барих. Хоёрдугаарт, гэрэл дохио, камерын хяналтын систем зэргийг цогцоор нь харах шаардлага байгаа. Гэхдээ автозам ачаалалгүй, ямар ч түгжрэлгүй улс хот гэж байхгүй.  Нэг ч гэсэн ажлыг санаачлан хэрэгжүүлж, үр дүнг нь үзэж, эрх зүйн зохицуулалт хийхгүй бол урагшаа ахихгүй, байдал улам дордоно. 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ