ЕРӨНХИЙ САЙД ТАНХИМАА ӨӨРӨӨ БҮРДҮҮЛЭХ, УИХ-ЫН ЧУУЛГАНЫ ХУГАЦААГ 75 ХОНОГ БОЛГОХЫГ ИРГЭД ДЭМЖИЖ БАЙНА



Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи ээлжит хэлэлцүүлэг өнөөдөр (2017.08.19) Төв аймгийн Зуунмод суманд зохион байгуулагдлаа.

Хэлэлцүүлэгт Алтанбулаг, Архуст, Баян, Баяндэлгэр, Баянжаргалан, Баянөнжүүл, Баянцагаан, Сэргэлэн, Мөнгөнморьт, Эрдэнэ, Зуунмод сумдын төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагын албан хаагчид, иргэдийн төлөөлөл оролцов, мөн энэ үеэр 81 сургагч багш бэлтгэгдэн ном, гарын авлагаар хангагдсан болно.

Хэлэлцүүлгийг нээж Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Сарангэрэл хэлсэн үгэндээ, “Улсын Их Хурлын 39 дүгээр тогтоолын хүрээнд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар олон нийтийн санал асуулга орон даяар явагдаж байгаа билээ. Төв аймаг уг хэлэлцүүлгийг гурван бүсэд хувааж баруун бүсийн хэлэлцүүлгийг Эрдэнэсантд, хойд бүсийн сумдыг хамарсан хэлэлцүүлгийг Жаргалант суманд амжилттай зохион байгуулаад байна. Өнөөдөр Зуунмод суманд Төв аймгийн зүүн бүсийн 11 сумдын төлөөлөгчид цугларсан байна.

Наймдугаар сарын 20-ны өдрөөс есдүгээр сарын 05-ны өдрүүдэд өнөөдрийн сургалтад хамрагдсан төрийн албан хаагч, нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөлөл сум, багтаа төслийн талаар танилцуулга хийж, хэлэлцүүлэг зохион байгуулж, ард иргэдээсээ саналыг нь авах юм” гээд хэлэлцүүлэгт оролцогчдод ажлын амжилт хүслээ.

Төслийн талаарх танилцуулганы дараа иргэд дараах асуултыг тавьлаа. Тухайлбал, Төв аймгийн Зуунмод сумын иргэн Л.Баатар-Эрдэнэ, УИХ-ын дэргэд байгуулагдах Төрийн хяналтын түр хорооны үйл ажиллагаа, шүүгчийг сонгох, томилох асуудлаар дэлгэрэнгүй тайлбар авахыг хүссэн бол Зуунмод сумын нэгдүгээр багийн иргэн Д.Очирбат “Дийлэнх” гэдэг үгийн талаар тодорхой тайлбар өгөх, хуулийн төсөлд Ерөнхий сайд ямар үүрэг хүлээж байгаа талаар тодруулсан юм. Зуунмод сумын нэгдүгээр багийн иргэн Н.Жадамба, “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргад хэрхэн хариуцлага хүлээлгэх, хуулийн төсөлд Ерөнхийлөгчийн хууль санаачлах, Засгийн газарт чиглэл өгөх эрх үүргийг хассанаар Ерөнхийлөгч ямар эрхтэй үлдэх вэ?” зэрэг болно.

Хэлэлцүүлгийн явцад иргэдээс дараах саналууд гарсан болно: УИХ-ын гишүүдийн ирцийг гуравны хоёр болгох, Засаг захиргааны нэгжид өөрчлөлт оруулж жижиг сумдуудыг нэгтгэх, Үндсэн хуульд БСШУЯ, ЭМЯ-ын нэрийг хуулийн төсөлд нэмж тусгах, УИХ-ын бүрэн эрхийн хугацааг таван жил болгож өөрчлөх, олон намын системгүйгээр хөгжих тухай асуудлыг Үндсэн хуулинд тусгах зэрэг саналууд гарч байлаа. Түүнчлэн иргэд хуулийн төслийг бүхэлд нь дэмжиж буйгаа илэрхийлэхийн сацуу Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлэх, УИХ-ын чуулганы хугацааг 75 хоног болгох, бүх шатны Засаг дарга нарыг томилохыг дэмжиж байлаа.

Ийнхүү Төв аймагт зохион байгуулсан Үндсэн хуулинд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх хэлэлцүүлэг амжилттай өндөрлөлөө. УИХ-ын дөрөв дэх Төсөл хэлэлцүүлэгч баг Өмнөговь, Өвөрхангай, Төв аймгуудад 2017.08.07-20-ний өдрүүдэд нийт есөн суманд бүсчилсэн хэлэлцүүлгийг зохион байгуулж, 680 сургагч багш бэлтгэж, 1398 иргэн хэлэлцүүлэгт хамрагдсан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ