Д.Энхтөр: Ажилгүй олон хүнтэй өрхийн гишүүнийг эхлээд зуучилна



Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв “Дүнжингарав” салбарт Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. Энэ үеэр нийслэлийн Засаг даргын орлогч Д.ЭНХТӨРӨӨС зарим зүйлийг тодрууллаа.

-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв байгуулж байгаад олон иргэн талархалтай хандаж байна. Тус төвийг байгуулсны ач холбогдлыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Нийслэлийн ЗДТГ, Хөдөлмөр эрхлэлтийн газраас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийг нээлээ. Өөрөөр хэлбэл, нийслэлийн Засаг даргын 2016- 2020 он хүртэлх мөрийн хөтөлбөрт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр найман зорилт дэвшүүлсэн. Түүний нэг нь “Нэг өрх-нэг ажлын байр” хөтөлбөр юм. Үүнийг нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар баталж, бид ажилдаа шуурхайлан орсон. Энэ ажлын хүрээнд Улаанбаатарт байгаа ажилгүй иргэдийн тоог өрхийн хэмжээнд судалж гаргалаа.

Уг судалгаанд нийслэлийн 244 мянган өрхийг хамруулж, нэг өрхөд хэдэн ажилгүй иргэн байгааг тодруулахыг зорьсон юм. Судалгаанаас үзэхэд нэг өрхөд таван гишүүн нь ажилгүй байгаа 1122 өрх байх жишээтэй. Нэг ажилгүй хүнтэй өрх нийслэлд 97 мянга орчим бий. Тиймээс бид энэ төвөөрөө дамжуулан ажилгүй олон хүнтэй өрхийн гишүүнийг ажилд эхлээд зуучилж ажил, орлоготой болгоход голлон анхаарна. Энэ төв нь ажил хайгч, ажил олгогчийг нэг цэгт уулзуулахаараа ихээхэн ач холбогдолтой юм.

-Тус төв иргэдийг ажилд зуучлахаас гадна өөр юу хийхээр төлөвлөж байна вэ?

-Нийслэлийн ЗДТГ, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамтай хамтран ажил идэвхтэй хайж буй хүмүүст зориулан нэлээд хэдэн удаа үзэсгэлэн зохион байгуулсан. Үүнд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 70-80 аж ахуйн нэгж хамрагддаг. Үзэсгэлэнд ажил хайж байгаа олон хүн ирсэн боловч ажилд авах гэж буй байгууллагын шаардлагад тэр бүр нийцэхгүй байлаа. Ур чадвар, мэргэжлээрээ гологдож байсан. Тиймээс тус төв ажил олгогч, ажил хайгч иргэнийг бүртгэх, ажлын байрны захиалга авах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх зэрэг нийт 17 нэр төрлийн үйлчилгээг үзүүлэх боломжтой юм.

  Эх сурвалж: www.shuurhai.mn 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ