С.Амарсайхан дарга аа, хэвлэлийг худалдаж авсан хүн нь та биз дээ




Ийн өгүүлэхийн учир нь тэрбээр өчигдөр Нийслэлийн есөн дүүргийн газрын албаны дарга нар болон Иргэдийн хурлын төлөөлөгчдийн дарга нартай хамтран хэлэлцүүлэг зохион байгуулав. Гэтэл тэрбээр энэ үеэр “Э.Болорчулуун аа, яасан их мөнгөтэй юм. Хаанаас их мөнгө олдог юм. Хэвлэл мэдээллийнхэнд мөнгө төлж, өөрсдийгөө магтан дуулуулдаг ямар их өндөр зохион байгуулалттай ажилладаг юм бэ” гэх хачирхалтай утга бүхий үгс чулуудлаа. Харин нөгөөх Э.Болорчулуун нь олонд төдийлөн танил бус учраас өдөржин хэвлэлийнхэнд балбуулж байгаа харагдсан. Энэ нь С.Амарсайхан өөрөө хэвлэлийн салбарт мөнгө дүрсэний илэрхийлэл болчих шиг. Тэгээд ч түүний хувьд намынхаа хүнийг харлуулж байгаа анхны жишээ биш.

Ер нь мань даргаас дахин асуухад “Танд газрын төлөөх шударга ёсыг нэхэх эрх бий сэн бил үү”. Өнөөдөр нийслэл, дүүргийн Газрын албад урдах ажлаа дийлэхгүй, Улаанбаатар хотын иргэдэд газар өмчлүүлэх гэж чардайж байгааг хэн хүнгүй мэднэ. Энэ бүхний хажуугаар хүмүүст эрчим хүч, дэд бүтэц, ус дулаан нь шийдэгдсэн газар байршил олдохгүй сандаргаж байгаа. Харин та Зайсангийн аман дахь олон мянган га, Баянзүрхийн товчооны дэргэд оршин суугчдыг нь хөхөө өвлийн хүйтэнд хөөж тууж сулласан талбай, Налайхын хамаг өнгөтэй өөдтэй бүс, Энхтайваны гүүрэн дорх бүхэн бүтэн хотхон барихуйц газраа яаж авсан бэ гэдгийг онцлон асууя.

Үүнийг тодруулах нь сурвалжлагчдын үүрэг. Харин ийм их газрыг яаж гартаа оруулснаа тайлбарлах нь таны үүрэг билээ.

Өнөөдөр Зайсан толгойн ар бэлийг сэндийчиж, эмтлэн байж босгосон “Зайсан Хилл” цогцолборыг хэрхэн, юуны учир барьж байгуулсныг нэгэн цагт та Ерөнхийлөгчөөр нь ажиллаж байсан “Оюуны-Ундраа” групп тайлбарласан. Тэгэхдээ аялал жуулчлалын зорилгоор, нийслэлчүүдийг амралт чөлөөт цагаа сайхан өнгөрүүлэхэд нь дэм өгөх гэж байгуулсан мэтээр “бурсан”. Тэгвэл “Оюуны-Ундраа”-гийнхны яриад байгаа нийслэлчүүдэд Туулын гүүрнээс нааш амьдарч буй иргэд хамаарахаагүй гэдгийг “Зайсан Хилл”-ийн түрээсэн үнэ, үйлчилгээний өртөг хэлээд өгнө биз ээ.

Монголчууд дархан цаазат уул, хайрханаа ихэд дээдлэн хүндэлж, хог ч болтугай хаяхгүйг эрмэлздэг. Харин түүхэн дурсгалт Зайсан толгойг эмтлэх санаа орж тархинд нь орж ирээд, дараа нь хэрэгжүүлдэг хүмүүсийг Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлтийн төлөөх зүрхтэнүүд гэж нэрлэх боломж огт байхгүй.

Ер нь НИТХ-ын дарга, “Оюуны-Ундраа” группийн Ерөнхийлөгч асан С.Амарсайхан яагаад дандаа газрын асуудалтай холбогддог, одоо Газрын албыг самрах гэж улайраад байгаа шалтгааныг дараах байдлаар тайлбарлая. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулууныг л түншээд, чичлээд байгаа нь илэрхий шалтгаантай ажээ.

Үүнийг бичихийн тулд он цагийг урагшлуулах болно. Тодруулбал, 2012 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРЫН НУТАГ ДЭВСГЭРТ ГАЗАР АШИГЛАХ ТУХАЙ гээчийг нэг талаас Хан-Уулын Засаг дарга Ж.Ганхуяг, Богд Хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Д.Шинэхүү, нөгөө талаас “Собт Трейд” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Намба нар байгуулжээ. Гэрээний дугаар 2005-1/260 бөгөөд Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Эрдэнэчимэг баталгаажуулж байжээ.

Ямар ч өөгүй, цэвэрхэн гэрээ. Гэхдээ “Собт Трейд” ХХК яаж яваад С.Амарсайхантай холбогдчихов гэвэл тухайн үед буюу 2012 онд гэрээ байгуулахад тус компанийн хаягийг “Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, Цагдаагийн гудамж, “Оюуны-Ундраа” ХХК-ийн байр” гэж бичсэн байх юм.

Тэгвэл одоо “Собт Трейд” ХХК-ийн 2012 онд гэрээгээр авсан “Аялал жуулчлалын зориулалалт” бүхий 15 мянган га газарт “Зайсан Скүэр”, “Зайсан Хилл” гэгч хоёр барилга сүндэрлэн босоод байгаа. Харин нэгэн үед С.Амарсайхан Ерөнхийлөгчөөр нь ажиллаж байсан “Оюуны-Ундраа” групп эдгээр барилгыг эзэмшдэг нь олон талаар нотлогддог. Тухайлбал, “Оюуны-Ундраа” групп соёл амралтын “Зайсан Хилл” цогцолборыг тун удахгүй нээх гэж буйтай холбогдуулан ажилтан шалгаруулах зар тавьсан ба хаяг байршил нь “Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, зайсан 17023, Дүнжингарав14, "Зайсан скуэр" төв”. Мөнөөх “Собт Трейд”-ийн нэр хаана ч байхгүй.

Тэгвэл энэ яригдаад байгаа, Туул голын эрэгт байрладаг “Зайсан Скуэр” төв нь албан вэб хуудсандаа “Shopping Mall” буюу худалдааны төв гэсэн тодорхойлолттой байдаг. Тэгэхээр нөгөө аялал жуулчлалын зориулалттай гээд байгаа нь “Худалдааны төв”-ийг хэлээд байсан бололтой. Ямар ч гэсэн энэ төвд үнэтэй чамин, тансаг ганган эд зүйлс худалдаалдаг бөгөөд ямар нэгэн байдлаа аялал жуулчлалд зориулагдсан гэхээсээ тэр хавийн дээд зиндааныханд тусгайлан үйлчилдэг газар гэлтэй.

Зайсан толгойн ар нуруунаас өмлөөд барьчихсан “Зайсан Хилл” ч гэсэн нийслэлчүүдийн зөв боловсон цаг зарцуулалтыг дэмжинэ гэх маягийн уриатай ч хоёр гүүрний цаадтайх хүмүүст л зориулсан болов уу гэмээр. Түрээсийн үнэ ч тэнгэрийнх. Яав ч эгэл голдуу амьдралтай иргэд ихэнх хувийг нь эзэлдэг нийт улаанбаатарчуудынх биш ээ.

Үүнээс гадна уг гэрээний 4-ийн 5-д “Ашиглахаар авсан газартаа барилга байгууламжийн ажил эхлэхдээ мэргэжлийн хяналтын байгууллагын зөвшөөрөл авч, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, холбогдох бичиг баримтыг хамгаалалтын захиргаанд хянуулж, ажил эрхлэх зөвшөөрөл авна” гэж заасан байх юм. Тэгвэл Туул голын эрэгт барьсан “Зайсан Скуэр” хийгээд Зайсан толгойг эмтэлж босгосон “Зайсан Хилл” зэрэг нь байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэдгийг баталсан баримтыг Улаанбаатар хотын нийт иргэд үзэж, танилцах эрхтэй баймаар санагдах юм.

Учир нь нэг метр кв газрыг 1320 төгрөгөөр үнэлээд, жилд 19.8 сая төгрөгийг улсад газрын төлбөр хэмээн тушаачих бизнесмэн олон бий. Өөрөөр хэлбэл, улс тусгай хамгаалалттай газраа ашиглуулсныхаа төлөө энэ группээс 2012-2017 онд нийт 99 сая төгрөгийн л төлбөр авсан төдий. Харин ашиглаж буй этгээдүүд нүдэн дээр бийлэгжиж байгаа нь нууц биш.

Гэхдээ хэнд нь ч Богд Хан уулын тусгай хамгаалалттай газар нутагт 15 мянган га газрыг аялал жуулчлалын бүс болгоно гэж авангуутаа, хоёр ч том худалдааны төв босгож зүрх зориг төрөхгүй байсан биз ээ. Аялал жуулчлалын бүс босгоход 15 мянган га талбай мэдээж хангалттай. Харин аялал жуулчлалын зориулалтаар ашиглана гэдэг нь худалдааны төв, ихэнх монголчуудын мөрөөдөлд л байх өндөр үнэтэй цогцолбор босгоно гэсэн үг биш байлтай. Тэгээд ч “Зайсан Скуэр”, “Зайсан Хилл”-ийг барьсан газар 15 мянган га хүрэхгүй учраас дахиад өөр олон байршил тэдний мэдэлд орсон гэсэн үг.

Дахин нэг жишээ. Тэрбээр “Оюуны-Ундраа” группийн Ерөнхийлөгч байхдаа Баянзүрхийн товчооны дэргэд томоохон газрын гэрээ байгуулсан гэдэг. Тэр газарт нь айлууд амьдардаг байжээ. Гэтэл өнгөрсөн арваннэгдүгээр сард “Оюуны-Ундраа”-гийн хүмүүс очиж, тэдгээр айлыг хүч хэрэглэн хөөж туусан байх юм. Монголчууд газар хөлдсөн үед буурь сэлгэхийг цээрлэдэг. Гэвч ёс уламжлал энэ группт хамаардаггүй бололтой.

Биднийг энэ талаар асуухаар Нийслэлийн Газрын албанд очиход үүдэнд нь сууж байсан нэгэн иргэн мэдээлэл өглөө. Учир нь тэрбээр Баянзүрх дүүрэгт, яг одоо “Оюуны-Ундраа” групп нэр холбогдон шалгуулж байгаа хэргийн хохирогч ажээ. Тэрбээр нэрээ нууцлахыг хүссэн. Түүний яриаг сийрүүлбэл “Би болон манай хөршүүд энэ газарт амьдраад арав гаруй жил болж байна. Хороо хорин ч биднийг мэддэг. Энд бид хашаагаа барьж, байшин саваа босгосон. Гэтэл гэв гэнэтхэн, нэг л өдөр “Оюуны-Ундраа” группийн хүмүүс хүрч ирээд, блокоор босгосон хашааг нурааж, амбааруудыг эвдэлсэн. Бүр нялх хүүхэдтэй, хөхүүл хүнийг ч түлхэж унагаачихаад хөөж туусан. Гэхдээ бид тэмцсээн. Өвөл эхэлчихсэн, хүйтэн байхад бид хаачих юм бэ. Ядаж эртнээс бидэнд хэлж анхааруулж, нүүж суух газрыг зааж өгөөд, зохион байгуулалттайгаар ажилласан бол өөр хэрэг. Харин мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүст хүн чанар үлддэггүй бололтой. Тэр “Оюуны-Ундраа”-гийн эзэн нь НИТХ-ын дарга С.Амарсайхан юм билээ. Тиймээс бид хүсэлт үйлдэж, хүргүүлсэн. Харин өнөөг хүртэл хариу алга. Тиймээс л Газрын алба, НИТХ-ын даргын үүдийг сахиад, учир байдлаа гаргах гээд явж байна. Одоо ч бүр эндхийн хүмүүс ч биднийг таньдаг болж” гэсэн юм. Бид дараагийн удаа Баянзүрхийн товчооны дэргэд "Оюуны- Ундраа" группийн авсан гэх газрын маргааныг дэлгэрэнгүй сурвалжлан хүргэх болно.

Ер нь ч С.Амарсайхан өнгөрсөн сарын 22-нд болсон хэлэлцүүлэг, саяхан болж өнгөрсөн хурлын үеэр зөвхөн Нийслэлийн Газрын алба руу чичлээд байгаа зэрэг нь нэгийг хэлэх шиг. Өөрөөр хэлбэл, С.Амарсайхан даргад Нийслэлийн Газрын алба руу зохион байгуулалттайгаар дайрч, өнөөгийн удирдлагуудыг нь харлуулах онцгой шалтгаан бий бололтой. Учир мэдэх хүмүүс түүнийг онилсон газруудаа авахын тулд ингэж байна ч гэх.

Нөгөө талдаа яг ийм арга техник Монголын улстөрд дэндүү ихээр танигдсан. Өрсөлдөгчөө дарах, өөрт нь илүү ашигтай албыг авах болохоороо улстөрчид ийм байдлаар “Түгжил” мэхийг уралдуулж эхэлдэг. Ингээд удаан хугацаанд түгжилдэж, араас нь довтолж, олны өмнө харлуулсаар байгаад мэхээ гүйцээдэг. Тэгээд өөрөө юм уу, өөрийнхөө итгэлт нэгнийг нөгөөх суудалд аваачиж тухлуулна. Яг л ийм аргачлал бий. С.Амарсайхан ч энэ замналаар яваад байна уу гэлтэй үйлдлүүдийг гаргасаар.


 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post
1

Репортлов

Шинэ мэдээ