Генсек Д.Амарбаясгалангийн “ХАТГААС”




МАН-ын Хяналтын Ерөнхий Хороо өчигдөр (2019.05.16) хуралджээ. Тус хуралдаанаар УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарт таван жилийн хугацаатайгаар МАН-аас улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэрийг гаргасан байна. Товчхондоо энэ хоёр хүн 2020 оны сонгуулиар МАН-аас нэр дэвших эрхгүй боллоо гэсэн үг. Мөн МАН-аас ямар нэг албан тушаалд томилогдох боломжгүй болов.

МАН хоёр гишүүнээ ингэж “шийтгэсний” шалтгаан нь тодорхой. УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир УИХ-ын ажлын хэсгийн нууц дүгнэлтийг Оюутолгойд дамжуулсан гэмтэй. Улсын нууцын зэрэглэлтэй материалыг УИХ хэлэлцээгүй байхад шалгуулсан байгууллагад өгсөн түүнийг эх орноосоо урвасан, тагнуул хийсэн хэргээр шалгах ёстой хэмээн шүүмжилж эхэлсэн нь ийм банга хүртэхэд хүргэжээ.

Харин УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацаанд “гар хүрсэн” зэмтэй. Хүний эрхийг дээрдүүлэх үүднээс хөөн хэлэлцэх хугацааг өөрчлөх санал оруулсан хэмээн тэр хичнээн тайлбарласан ч тусыг олсонгүй, намаасаа хөөгдөхөөс наагуур шийтгэл хүлээлээ. Хуульзүйн байнгын хорооны даргын суудлаас буугаад зогсохгүй Говь-Алтай аймагт 2020 онд дахин нэр дэвших боломжгүй боллоо.

Хяналтын хорооны хуралдааны шийдвэрийн тухай МАН-ын албан мэдээнд “Сүүлийн үед Монгол Ардын Намаас санал болгож, Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж буй намын нэр бүхий гишүүдийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр тухайлан нэр заан шүүмжлэх болсныг МАН-ын ХЕХ-ны гишүүд баримттайгаар нягтлан хэлэлцээд тогтоол гаргав” гэсэн өгүүлбэр бий. “Ах” намынхан энэ удаа тун дуулгавартай ажиллажээ. Намын гишүүн нь хүчингийн хэрэгт холбогдож, бүр хэдэн арваараа ЖДҮХС-гийн олон тэрбумын хөнгөлөлттэй зээл авч, ёсзүйны түмэн алдаа гаргасан тухай баримт дэлгэгдэж, тэр бүхэн нь хэвлэлээр түмэнтээ цацагдаж байхад нүдэн балай, чихэн дүлий суудагсан. Харин энэ удаа Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарыг хэвлэлээр шүүмжлээд эхлэнгүүт сонгуульд нэр дэвших эрхийг нь яаран хаслаа.

Энэ шийтгэлийг нэг хэсэг нь алга ташин хүлээн авч буй. Харин нөгөө хэсэг нь цаана нь ямар үйл явдал өрнөхийг ажиглаж байгаа. Д.Дамба-Очир гишүүний эрхийг хассан шийдвэрийн ард юу байгааг хэлэх боломжгүй. Оюутолгой гэх сэдэв улстөрчдийн нэг хэсгийн толгойг цусдаж, нөгөө хэсгийн ходоодыг борддог.

Харин Ш.Раднаасэдийн улс төрийн дэмжлэгийг таван жилээр нь хассан нь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн “шидсэн чулуу” байхыг үгүйсгэх аргагүй. Д.Амарбаясгалан 2020 оны сонгуулиар Говь-Алтай аймагт нэр дэвшихээр аль эртнээс бэлдэж эхэлсэн. Тэр сонгуулийн бэлтгэлдээ гарч, Алтай нутаг руу гүйдэлтэй болсон. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Говь-Алтай аймагт ажилласан албан томилолтын багт ч тэр багтсан байв. Уг нь МАН-ын аппарат биш Монгол Улсын Ерөнхий сайдын багийн томилолт. Тэнд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд явах нь зүйн хэрэг. Харин МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан шууд л сонгууль болон харагдаж байв. Тэр бүр Ерөнхий сайдыг дагалдаад зогсоогүй нутгийнхандаа хурдан удмын азарга тарааж, сонгуульджээ.

Ийм улаан цайм үйлдлийн араас Ш.Раднаасэдийг “зайлуулсан” нь Д.Амарбаясгалангийн цэвэрлэгээ гэдэг нь илт харагдана. Тэр 2020 оны сонгуулиар намаасаа өрсөлдөгчгүйгээр Говь-Алтайд нэр дэвшихээр бэлтгэлээ базааж эхэлсэн нь энэ. Намын Ерөнхий нарийн бичгийн албан тушаалаа ашиглан сонгуулийн замаа цэвэрлэсэн гээд хэлчихвэл хилсдэхгүй биз ээ.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн “Намайг харлуулах ажлыг хүний, өөрийнгүй хийж байгаа, манай намынхан ч...” гэж хэлсэн үг ингэж батлагдлаа. Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацаа зөвхөн далим болж, жинхэнэ шалтгаан хэдхэн сарын болох сонгууль болох нь тодорхой болов.

Ямартай ч эрх баригч намынхан энэ удаа тун шуурхай ажиллаж, алдаа гаргасан нөхдөө бангадаж чадлаа. Одоо ЖДҮ-чид ээ хэрхэх бол?!

 

В.Бат 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ