Японы хөрөнгө оруулагчаа хохироосон гэх “Фүжи холдинг”-ийн захирлыг шалгаж дуусжээ



-Т.Энхсайханаас ямар ч мөнгө аваагүйг УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ гэрчлэв-

Сүүлийн үед олны анхаарал татаж, дуулиан шуугиан тарьж байгаа хүмүүсийн үйлдлийг ажиглахад цөөнгүй нь эрүүгийн хэрэгт холбогдон шалгуулж, түүнийгээ дарахын тулд шударга ёсны төлөө тэмцэгч мэтээр харагдах болсон. Ийм байдлаар олны анхаарал татсан нэг эрхэм бол 2016 оны УИХ-ын сонгуульд АН-аас Төв аймагт нэр дэвшсэн Т.Энхсайхан. Тэрбээр өнгөрсөн өвөлжингөө л Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн эсрэг тэмцсэн билээ. Ингэж тэмцсэн нь цаанаа учиртай байж. ХЗДХЯ-ны харьяа агентлаг болох цагдаагийн байгууллагад тэрбээр Япон хөрөнгө оруулагчаа залилж, хөрөнгийг нь шамшигдуулсан хэрэгт холбогдон шалгуулж, яллагдагчаар татагдсан бөгөөд үүнийгээ л сураггүй болгохын тулд сайдтай нь тэмцсэн гэж харагдаж буй юм.

“Т.ЭНХСАЙХАН НАДАД С.ЭРДЭНЭ САЙДАД МӨНГӨӨ ЗАЛИЛУУЛЛАА” ГЭЖ ХЭЛСЭН

“Фүжи холдинг” гэх Японы иргэний хөрөнгө оруулалттай банк бус санхүүгийн байгууллага (ББСБ) нэг хэсэг ажиллаж байгаад өдгөө сураг алдарчихаад буй билээ. Уг ББСБ-ыг манай улсын иргэн Т.Энхсайхан, түүний эгч Энхээ, Японы иргэн Ишибаши Рёосүкэ нар байгуулсан аж. Гэвч Японы иргэн нь манай хууль сахиулах байгууллагынханд өргөдөл гаргаж, Т.Энхсайханд залилуулсан гэх болжээ. Үүнийх нь дагуу цагдаагийнхан шалгаж эхлэхтэй зэрэгцээд тэрбээр тэмцэл эхлүүлсэн бололтой. Түүнийг буруутгаж буй гол үндэслэл нь “Фүжи холдинг”-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2016 оны жилийн эцсийн баталгаажсан тайланд туссан 520 гаруй сая, 2019 онд банкан дахь харилцах данснаас 350 гаруй сая төгрөг бэлнээр авч завшин их хэмжээний хохирол учруулсан гэж буй.

Хууль сахиулагчид яллах, цагаатгах нотлох баримт цуглуулах үүргийнхээ дагуу Сангийн яам, УБЕГ, Санхүүгийн зохицуулах хороо, нийгмийн даатгал, татварын байгууллага, арилжааны банкуудаас дээрх ББСБ-тай холбоотой бичиг баримтууд гаргуулсан аж.

Харин хохирогч гэх Японы иргэн Ишибаши Рёосүкэ “Би Т.Энхсайхантай 2008 онд Японд танилцсан. Тэр нэг хүүтэй, түүнийх нь сургалтын төлбөрт ам.доллар өгч байлаа. Монгол руугаа буцахаар болоход нь “Ниссан Мурано” загварын автомашин авч өгсөн. 2009 онд Монголд аялж ирэхэд эгч Энхээтэйгээ танилцуулж, ББСБ ашигтай ажилладаг, хамтран ийм бизнес хийх талаар тохиролцсон юм. Ингээд 2009 онд байгуулсан ББСБ-ынхаа дүрмийн санд 2011 онд 3-4 удаа мөнгө нэмж, 1.1 тэрбум төгрөгт хүргэсэн. Өөрөөр хэлбэл, миний 980 гаруй сая төгрөг тус ББСБ-ын нийт хувьцааны 89.5 хувийг эзлэх болсон юм. Т.Энхсайхан надаас зээлсэн мөнгөөрөө авсан хувьцаа нь 10.4 хувь болдог. 2015 онд Т.Энхсайхан ББСБ-ын 180-аад сая төгрөгийг завшсаныг ажилтнуудаасаа мэдэж, түүнээс учрыг асуухад “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ гэдэг хүнд мөнгөө залилуулчихлаа. Уг мөнгийг би нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвших эрх авахын тулд зарцуулах бодолтой байсан юм” гээд уйлж хэлсэн. Түүнээс хойш удаа дараа мөнгө авч ББСБ-ыг хохироосон” гэсэн аж.

Т.ЭНХСАЙХАН ХУВИЙН ХАРИЛЦАХ ДАНСААРАА ЗЭЭЛИЙН ТӨЛБӨРИЙГ АВЧ БАЙСАН ГЭВ ҮҮ

Хууль сахиулах байгууллагынхны шалгалтаар Т.Энхсайхан “Фүжи холдинг” ББСБ-ын гүйцэтгэх захирлаар 2010-2014 онд ажиллах хугацаандаа байгууллагаасаа гаргасан зээлийн 200-гаад сая төгрөгийг хувийнхаа харилцах болон хадгаламжийн дансаар авсан нь тогтоогдсон сурагтай. Тус байгууллага 2017 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд кассандаа 750 орчим сая төгрөгийн үлдэгдэлтэй гэж санхүүгийнхээ тайланд тусгаж холбогдох байгууллагад өгч байсан ч уг мөнгө нь байгаагүй гэнэ. Уг мөнгийг хэрхэн зарцуулсан нь тодорхойгүй аж.

Уг нь ББСБ-ын хөрөнгө оруулагч Японы иргэн Ишибаши Рёосүкэ арилжааны банкан дахь дансаа битүүмжлэх санал “Голомт”-ынхонд хүргүүлсэн байтал 2019 онд 300 гаруй сая төгрөгийг нь “Фүжи холдинг” ББСБ-ын нягтлан бодогч нь авсан аж. Нягтлан нь ч Т.Энхсайхантай хамт очиж уг мөнгийг авч өгсөнөө хууль сахиулах байгууллагынханд хэлжээ. Тиймээс хууль сахиулах байгууллагынхан Т.Энхсайханыг албан тушаалаа ашиглаж, ББСБ-ын хөрөнгийг зориулалт бусаар хувьдаа ашигласан гэж буруутгаж буй юм билээ.

Энэ хэрэгт холбогдуулж УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнээс тайлбар авсан гэнэ. Түүндээ “Би Т.Энхсайхан гэдэг хүнээс ямар нэг мөнгө төгрөг авч байгаагүй” гэжээ.

Т.Энхсайханд холбогдох хэргийг хууль сахиулах байгууллагынхан шалгаж дуусаад шүүхэд шилжүүлэх санал гарган прокурорын хяналтад хүргүүлсэн юм байна. Гэвч хэргийг хянаж буй прокурорт нь хэрэгт буруутгагдаж буй талынхан гомдол гаргаснаар шинжээчийн дүгнэлтийг дахин хийлгэхээр цагдаагийн байгууллагад буцаасан аж. Харин өдгөө уг хэрэг хаана яваа нь тодорхойгүй байгаа юм.

Бэлтгэсэн: Г.Орчлон

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ