Зөвшөөрөлгүй уурхай иргэдийн аюулгүй байдалд нөлөөлж байна



Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалангаар ахлуулсан ажлын хэсгийнхэн өнөөдөр Налайх дүүрэг дэх уурхайн нөхцөл байдалтай танилцав. Ажлын хэсэгт цагдаа, мэргэжлийн хяналт, онцгой байдлаас гадна Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Уул уурхай, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах чиглэлийн бүх байгууллагын төлөөлөл багтсан байна.

Налайхад ашигт малтмалын тусгай, хайгуулын болон ашиглалтын зөвшөөрөлтэй 75 аж ахуйн нэгж байдаг. Үүний 34 нь түүхий нүүрсний ам байдаг аж. Эдгээрийн 6 нь техник, эдийн засгийн үндэслэл, уулын ажлын төлөвлөгөөгөө батлуулаад лицензээ авсан байна. Түүнчлэн Налайхын уурхайд зөвшөөрөлгүй 98 ам, цооногт 1300 гаруй хүн ажиллаж байгаагийн 30 хувь нь л Налайх дүүргийн бүртгэлтэй оршин суугч бусад нь ямар ч бүртгэл, мэдээлэлгүй, хаанаас ирсэн нь тодорхойгүй иргэд байдаг гэнэ.

Энэ талаар Налайх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Г.Ганзориг  “Мэргэжлийн хяналтын байгууллагаас бүтэн жилийн турш өдөр болгон шахуу хяналт, шалгалт хийдэг. Манай байгууллагын зүгээс суурьшлын бүсэд байгаа уурхайнуудыг эрх зүйн орчноор алийг нь ч хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь энд зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж ганц ч байдаггүй. Гэсэн хэдий ч аюулгүй байдлын үүднээс Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтраад жилд 3-4 удаа уурхайд ирж сургалт явуулдаг. Иргэдийн өөрсдийн хэнэггүй, хайнга байдал амь насанд нь нөлөөлж буй ойлгодог ч тоодоггүй. Хамгийн сүүлийн жишээ гэхэд өнгөрсөн оны 12 дугаар сарын 28-нд газар дор ажиллаж байсан нэг иргэн агааргүйдлийн улмаас  амь насаа алдсан харамсалтай тохиолдол гарлаа. Өнгөрсөн онд 12 уурхайчин амь насаа алдаж, 26 иргэний амь насыг онцгой байдлынхан аварсан” гэж ажлын хэсгийнхэнд танилцууллаа.   
1483757368namaikh batbayasgalan (1).jpg

Зөвшөөрөлгүй уурхайчид цахилгаанаа хулгайгаар авдаг
 

Түүнчлэн Налайх дүүргийн II хороо Нарлаг орчмын газар нь Төмөр замын тухай хуулиар улсын хамгаалалтын бүсэд байдаг юм байна. Гэтэл сүүлийн жилүүдэд уг тусгай бүсэд аж ахуйн нэгжүүд ямар ч зөвшөөрөлгүй дураараа уурхайн ам нээж ажиллуулж байгааг оршин суугчид эсэргүүцэж буйгаа илэрхийллээ. Хуулийн дагуу төмөр замаас 200 метрт байх ёстой ч амьдрал дээр 20 метр ч хүрэхгүй зайд уурхайн ам нээсэн байна.

Налайх дүүргийн II хорооны оршин суугч Р.Болдгэрэл “Манайхаас 100 метрийн зайд байх уурхайн амуудын газар доорх суваг уртасч оршин суугчдын эзэмшлийн талбайд орж ирлээ. Өөрөөр хэлбэл, бидний амьдарч буй газар доогуураа хөндий болчихсон гэсэн үг. Манайх энэ байшингаа бариад 10 орчим жил амьдарсан. Гэтэл өнгөрсөн жилээс газрын цууралт маш эрчимтэй явагдаж, нам даралтаар халаадаг хоёр давхар тохь тухтай байшиндаа амьдарч чадахгүйд хүрээд байна. Нэг л өдөр байшинд цууралт өгсөн одоо нэг л өдөр нурж унахыг нь харах бололтой. Ингээд аргагүйн эрхэнд 5 ханатай гэр түрээсэлж байна. Зөвшөөрөлгүй эдгээр аж ахуйн нэгж цахилгаанаа ч мөн хулгайгаар авдаг. Үүнийг зогсоох хэрэгтэй” гэв.

Налайх дүүргийн II хорооны оршин суугч Д.Сарантуяа “Манайх энд амьдраад 5 гаруй жил болж байна. Шөнө бүр тэсэлгээ хийж байгаа нь сонсогддог. Тэсэлгээ хийж, ухах бүрт оршин суугчдын амьдардаг газарт цууралт үүсдэг. Доогуураа хөндий хөрсөн дээрээ цууралт өгсөн, энэ газар хэзээ мөдгүй цөмөрхөд бэлэн болсон гэсэн үг. Бидний амьдрах орчин нөхцөл маш хүнд боллоо. Яаралтай энэ амуудыг хаахгүй бол олон айл орон гэргүй болоход бэлэн болчихоод байна. Хамгийн гол энэ аж ахуйн нэгжүүд зөвшөөрөлгүйгээс гадна цахилгаанаа хулгайгаар авдаг. Энэ талаар шат шатны байгууллагад хандсан. Өнөөдөр нийслэлийн Засаг даргын орлогч өөрийн биеэр ирж, бидний байдалтай танилцаж байгаад баяртай байна” гэлээ.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ