Депутатууд Үндсэн хуулийг өөрчлөх эсэх талаар хэлэлцэв



Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг судлах, санал, дүгнэлт боловсруулах Ажлын хэсгийнхэн Үндсэн хууль баталсан Ардын Их Хурлын депутатуудыг хүлээн авч уулзан хэлэлцүүлэг өрнүүллээ.

  Юуны түрүүнд Үндсэн хуульд яагаад нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байгааг иргэдэд ойлгуулах, энэ талаар ард түмнээс асуух нь чухал гэж цөөнгүй депутат хэллээ. Өөрчлөлт орууллаа гэхэд парламентын дээд, доод танхимтай болох, парламентын засаглалыг бэхжүүлэх, шүүхбайгууллагын хараат бус байдлыг одоогийнхоос илүү хангах талыг түлхүү тусгах, Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог байх зэрэг санал гарч байлаа.

Мөн 1999-2000 онд оруулсан долоон өөрчлөлтийг хүчингүй болгож, хаа хаанаа сахилга, хариуцлага, шударга ёсыг эрхэмлэн, хуулиа чанад сахиж ажиллах нь чухал байгааг нэр бүхий депутатууд хэллээ. Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах эсэхэд маш болгоомжтой хандах ёстой, өөрчлөх цаг нь болоогүй гэсэн байр суурьтай хүн ч цөөнгүй байлаа.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг судлана гэж тусгасан. Энэ дагуу Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат захирамж гарган Удирдлагын академийн Эрх зүйн тэнхмийн эрхлэгч Ч.Энхбаатараар ахлуулсан Ажлын хэсэг байгуулсан юм. 

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ШУА, Хуульчдын холбоо, Хууль зүйн үндэсний хүрээлэн, МУИС, Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбоо, “Легемитус”, “Эв Монгол”, “Ёс өмгөөллийн нөхөрлөл” төрийн бус байгууллага, НҮБХХ-ийн багийн ахлагч болон бие даасан хуульч, эрдэмтэн, судлаач, түүхчид багтсан.

 

Ажлын хэсэг 21 аймаг, нийслэл хотод судалгаа хийн, хэлэлцүүлэг явуулж дүгнэлтээ энэ оны эхний улиралд багтаан Засгийн газарт таниулах үүрэг хүлээсэн юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ