"Бөгжний эзэн" киноны зураглаач Хамба лам Д.Нацагдоржийн ажил, амьдралыг дэлгэцэнд мөнхөлнө



“Дэлхийн Соён гэгээрүүлэгчид” хэмээх цувралын хүрээнд Английн кино найруулагч, продюссер Бенжамин Жонс Монгол Улсын Буддын шашин болон Уламжлалт анагаах ухааны томоохон төлөөлөгч, Манба дацан хийдийн Хамба лам Д.Нацагдоржийн тухай баримтат кино хийж байна.

Энэ талаар өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд сэтгүүлчдэд мэдээллээ.

Найруулагч Бенжамин Жонс тус цувралын хүрээнд дэлхийн соён гэгээрүүлэгч олон хүнийг судалсны үндсэн дээр Хамба лам, хүний гавьяат эмч Д.Нацагдоржийг сонгожээ.

Тэрээр уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, сургалт, эмчилгээ явуулж байсан Манба дацанг хийдийг дахин сэргээх, өмнөх хийдийн уламжилж ирсэн сургалт номын үйл ажиллагааг тэр хэвээр нь эрхлэх ажлыг 1990 онд эхлүүлжээ. Түүний байгуулсан Манба дацан нь “Оточ манрамба” анагаах ухааны дээд сургууль, “Манба дацан эмнэлэг”, "Манба дацан" эмийн үйлдвэр, ”Шинжээч оточ“ лаборатори, Эмчилгээ сургалтын цогцолбор, Хэвлэл мэдээллийн алба, ”Манла бурханы хүүхдүүд” нийгэмлэг зэрэг салбаруудтайгаар үйл ажиллагаа явуулж байгаа юм.

Энэхүү баримтат киноны зураглаачаар “Бөгжний эзэн”, “Оддын дайн”, “Gravity” зэрэг бидний сайн мэдэх алдартай киноны зураглаачаар ажиллаж байсан Гэрри Васвэнпэр ажиллаж байна. Киноны зөвлөх продюссерээр ажиллаж буй Константин Палвидис нь буддын гүн ухаан болон уламжлалт анагаах ухааны чиглэлээр ажилладаг судлаач эрдэмтэн хүн юм.

Найруулагч Бенжамин Жонс Англи улсад олон тооны баримтат кино бүтээснээс гадна гадаад оронд хэд хэдэн баримтат кино хийжээ. Тухайлбал, Энэтхэгт нүүдэлчин Sikh омгийн тухай “The Nihang”, Бүгд Найрамдах Куба Улсад алдартай жазз хөгжимчний тухай “Jose Louis Cortez” зэрэг баримтат киног бүтээсэн байна . “The Huichols” хэмээх Мексик Улсад бүтээсэн ууланд амьдардаг бөө мөргөлтөн, анчин, фермерийн аж ахуй эрхэлдэг омгийн тухай баримтат кино нь хамгийн их амжилт авчирчээ.

Тэрээр 2003 онд Британийн кино, телевизийн урлагийн академийн “Шилдэг богино хэмжээний кино” шагналыг “Candy Bar Kid” киногоор, 2008 онд “HD FEST” наадмын “Шилдэг инээдмийн богино хэмжээний кино” шагналыг “Traffic Warden” киногоор тус тус хүртжээ.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ