МЭДҮҮШТЭЙ: Зугаатайгаар мэдлэгээ тэлэхэд туслах Youtube-ийн 11 суваг



Өнөө цагт мэдээллийн далай шиг урсгал дундаас хүртээмжтэй мэдээлэлд хүрч, цэгцтэй мэдлэг хуримтлуулна гэдэг нэн чухал хэдий ч тийм хялбар хэрэг биш. Үүнд хамгийн чухал нь зөв сувгийг олж дагах явдал юм. Тиймээс бид шинжлэх ухаан, эдийн засаг, технологи, түүх соёл гээд бүх л сэдвээр аливаа онол, ойлголт, үзэгдэл, мэдээнүүдийг маш ойлгомжтойгоор, сонирхолтойгоор тайлбарлан таниулж, мэдлэг арвижуулдаг сувгуудыг (channels) танилцуулж байна. 

1. Vsauce

2010 онд байгуулагдсан Vsauce Майкл гэх залуугийн видео тоглоомын талаар хошин контент бэлдэх зорилгоос үүдэлтэй боловч бага багаар шинжлэх ухаан, технологийн сэдвүүд рүү хазайж эхлэн, улмаар өдгөө Youtube дэх топ сувгуудын нэг болж чаджээ. Тэд "Хэрвээ дэлхийн хүн бүр нэг дор үсэрвэл юу болох вэ?", "Хэрвээ та сансарт төрсөн бол яах байсан бэ?" гэх мэт хачин жигтэй, сонирхолтой сэдвийг хөндөж хялбар байдлаар шинжлэх ухааны ойлголтуудыг тайлбарладаг. Огт бодож байгаагүй шинэ зүйл суръя гэвэл хамгийн түрүүнд орох суваг шүү. Үүнээс гадна Vsauce2, Vsauce3 гэх сувгуудтай бөгөөд эдгээр нь нийт 14 сая дагагчтай, 1 тэрбум хандалттай ажээ.

Үзэх

2. Kurzgesagt - In a Nutshell

"Kurt gesagt" буюу Германаар "товчхон тайлбарлах" (in a nutshell) гэсэн нэртэй, Мюнхений дизайны студиэс гаралтай энэ суваг ихэвчлэн анимейшн хэлбэрээр контентээ бэлддэг. 2013 оноос хойш одоог хүртэл нийт 4 сая дагагчтай болж чадсан тус суваг их тэсрэлт, дүрвэгсдийн хямрал гэх мэтээр шинжлэх ухаан, улс төр, философийн олон сэдвийг хамарч чаддаг. Бусад сувгуудаас мэдээллийг илүү визуал, оновчтой үзүүлдгээрээ онцлогтой. Бичлэгүүд нь 5-10 минутын урттай байдаг тул завсарлаж байх үедээ ч юм уу үзэхэд тохиромжтой.

Үзэх

3. CGP Grey

Грей гэх залуугийн үүсгэсэн газар зүй, улс төр, эдийн засаг, түүх, соёлын талаар төрөл бүрийн богино бичлэгүүд бүхий суваг. Их Британи, Нэгдсэн Вант Улс, Англи гурвын ялгааг тайлбарласан видео нь тухайн үед хамгийн их хандалттай бичлэгүүдийн нэг болж байв. Үүнээс хойш энэ суваг олны анхаарлын төвд орж, Business Insider, Forbes, The Washington Post зэрэг медиа сувгуудаар танилцуулагдаж байжээ. Грей видео хийхээс гадна "Сайн уу Интернет" гэх подкастыг найзтайгаа цуг хөтлөн явуулдаг.

Үзэх

4. Crash Course

VlogBrothers хэмээх өөр нэг сувгаараа алдартай Green brothers буюу Ханк Грин, Жон Грин нарын эрхлэн явуулдаг Crash Course нь ахлах сургууль ба их сургуулийн хичээлүүдийг сонирхолтой видео болгон хөрвүүлж тайлбарладаг. Одоог хүртэл хүмүүнлэг, шинжлэх ухааны холбогдолтой нийт 15 курсийг бэлдэж гаргаж, 609 сая гаруй хандалт авчээ. Дэлхийн түүх, сэтгэл судлал, биологи, хими, одон орон судлалын чанартай контентууд бүхий энэ суваг дэлхий даяар олон олон хүнд тус хүргэсээр байна.

Үзэх

5. SciShow

Дараагийн танилцуулах суваг бол мөн Vlogbrothers-ийн Ханк Гриний үүсгэсэн SciShow юм. Шинжлэх ухааны ямар ч хамаагүй сэдвийг тэд сонгон, хэн ч ойлгохоор хялбар бөгөөд хөгжилтэй тайлбарладаг нь онцлууштай. Долоо хоногийн 7 өдөр бичлэг оруулдаг бөгөөд гараг гарагаараа ялгаатай сэдвүүдийг хөндөнө. Даваа гаригт дэлхийн сонин хачин зүйлсийн талаар, мягмар гарагт хамгийн их асуудаг асуултуудын талаар гэх мэт. Хэрвээ аль нэг өдрийн хөтөлбөр нь танд таалагдаж байвал subsribe хийн дарахад буруудахгүй шүү.

Үзэх

6. SmarterEveryDay

Нэрнээсээ л зорилго нь тодорхой энэхүү суваг Дестин хэмээх инженер залуугийн "Хэрхэн түүдэг галыг пуужин ашиглаж асаах вэ?" вичлэг нь алдаршсанаас эхлэлтэй. Тэрээр нэгт өөрөө өдрөөс өдөрт ухаантай болох, хоёрт сурснаа бусадтай хуваалцах, гуравт хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг олох гэсэн тун энгийн зорилгоор видео хийдэг. Хоёр бичлэгийг маань үз, таалагдвал өдөр болгон үздэг болоорой гэж Дестиний хэлсэнчлэн та ч бас хоёр бичлэгийг нь сонирхоод үзээрэй.

Үзэх

7. TED-Ed

TED-ийн "Шинэ санааг түгээх" зорилгын дор хэрэгжиж буй бас нэг санаачилга нь TED-Ed буюу сурах эрмэлзэл бүхий хүн бүрт зориулсан богино хэмжээний хичээлүүд юм. Эдгээр хичээлүүд нь мэргэжлийн судлаач, эрдэмтэн, продюсеруудын хамтын бүтээл байдаг ба чанартай мэдээллийг олж авах томоохон эх үүсвэр юм. "Хөгжмийн зэмсэг тоглох нь таны тархинд яаж сайнаар нөлөөлдөг вэ?", "Цайны гарал, үүсэл" гэх мэт янз бүрийн сонирхолтой сэдвүүдээс эхлээд оньсого, бодлого хүртэл багтаасан байдаг тул та өөрт таалагдсан хичээлээ хааяа үзэж, мэдлэгийн сангаа арвижуулаарай. Сонирхуулахад, сайн дурын орчуулагч залуусын ачаар TED-ийн маш олон видео Монгол хэл дээр орчуулагдсан байдаг бөгөөд шүүж харахыг хүсвэл эндээс үзээрэй.

Үзэх

8. Vox

"Мэдээг тайлбарлах" уриатай Vox Медиагийн youtube суваг нь яах аргагүй дагах ёстой суваг мөн. Тэд дэлхий дахинд болон бидний амьдралд болж буй зүйлсийг хялбар байдлаар тайлбарладаг нь завгүй юм уу мэдээ уншихаас залхуурдаг хүмүүст нэн хэрэгтэй. Жишээ нь, байнга л яригддаг Хойд Солонгосын цөмийн зэвсэгтэй холбоотой мэдээнүүдийг тийм ч сайн ойлгохгүй байгаа бол Vox танд 6 минутын дотор л хялбархан ойлгуулах нь ээ.

Үзэх

9. Numberphile

"Тоотой холбоотой бичлэгүүд" бүхий энэхүү суваг нь тоонд дуртай, тоо сонирхдог хүмүүсийн цуглардаг газар билээ. Гэхдээ тоо гэнгүүт зарим хүмүүс нөгөө математикийн тэгшитгэл, бодлогууд уу гээд үргэж магадгүй. Эсрэгээрээ энэ суваг нь таныг огтоос залхаахгүйгээр үл барам "Яаж бялууг шинжлэх ухааны үндэслэлтэй хэрчих вэ?", "Яагаад 1980 онд төрсөн нь ашигтай байсан бэ?" гэх мэт олон сонирхолтой бичлэгээр харин ч таныг тоонд дурлуулж мэдэх юм шүү.

Үзэх

10. It's Okay To Be Smart

Долоо хоног бүр шинэ видео оруулдаг энэ суваг бол сониуч хүн бүрт зориулагджээ. Доктор Жое Хансон таныг физик, биологи, хоолны шинжлэх ухаан, амьтад гэх мэт олон сэдвээр аялуулна. Бидний ирээдүй өдрөөс өдөрт шинжлэх ухаанаас улам бүр хамааралтай болж байгаа энэ үед шинжлэх ухааны талаар хүн бүрт ойлгуулж, гайхамшгийг нь мэдрүүлэхээр тэр энэ сувгийн эрхлэн явуулдаг аж. Ямартай ч дагачихсан байхад 7 хоног бүр нэг шинэ зүйл сураад байх нь ээ.

Үзэх

11. Veritasium

Англиас гаралтай физикч Дерек Маллерын 2011 онд үүсгэсэн энэ суваг эрдэмтэн, мэргэжилтнүүдтэй хийсэн ярилцлага, шинжлэх ухааны туршилтууд, шинжлэх ухааны ташаа ойлголтуудыг олон нийттэй хамтдаа залруулах цуврал бичлэгүүдийг багтаасан байдаг. 2017 оны байдлаар 228 бичлэг, 4 сая гаруй дагагчтай болжээ. Олон хүн Veritasium-ийг хүнд, хэцүү ойлголтуудыг маш ойлгомжтойгоор задлан тайлбарладаг хэмээн магтдаг.

Үзэх

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ