Хогоор бордсон үхрийн мах 2000 төгрөгөөр аваарай



Улаанчулуутын хогийн цэг дээр бэлчиж буй үхэрнүүдийг дулаан орохоор нядалж, нэг килограммыг нь 2000-3000 төгрөгөөр худалдаад нүүнэ гэж малчид нь хэлж байна. Мал эмнэлгийнхэн ирж үхэрнүүдээс шинжилгээ аваад, ирэх тавдугаар сар гэхэд нүүгээрэй гэж хэлээд явжээ.

                2018.02.01. Улаанчулуутын хогийн цэг. Тавьсан будаа хөлддөггүй таван ес эхэлсэн хэдий ч, жавар тачигнасан хүйтэн өдөр хүн, үхэр хамтдаа хаа сайгүй “бэлчиж” хог сэндийчэн хоол эрж, дээгүүр нь элээ, хэрээ гуаглан ниссэн дүр төрх өнөөх л хэвэндээ. Биднийг өнгөрсөн арваннэгдүгээр сарын дундуур анх очиход хогийн цэгийг цас нэвсийтэл дарж, тэр их овоолсон, хур хогноос ялгарах өмхий, самхай үнэр нь харьцангуй дарагдсан байсан.

                Харин энэ удаад цасгүй болж бараантсан хогийн цэгээс элдэв янзын эвгүй үнэр хамар цоргиож өмсөж явсан хувцсанд шингэж байгаа гэж бодохоос сэжиг төрж, огиудас хүрнэ. Хэдий наашилж яваа цаг ч энэ өдөр жихүүн салхитай, шороо шуургатай , цаанаа нэг л зэврүүн, саарал орчин биднийг угтаж , хар бараан амьдрал нүүрлэх мэт сэтгэгдэл төрүүлж, дотор тавгүйтүүлэх юм.

Биднийг өнгөрсөн арваннэгдүгээр сард очиход үхэрнүүд гялгар уут, аяга таваг угаадас парлон, картон цаас гээд бүгдийг хамаад залгиж байсан нь одоо ч нүдэнд тод харагдана. Хамгийн гол нь, нийслэлээ ердөө 15-хан километрийн зайтай нарангийн энгэрт орших Улаанчулуутын хогийн цэг дээр хүн, үхэр нийлж хогон идэштэн болсон тухай бид бишгүй л олон сонсож харж, бичиж  байсан удаатай. Тэгвэл хогийн цэг дээр бэлчиж буй үхэрнүүдийг ямар хэрэгцээнд, яах гэж малладаг вэ? гэсэн асуулт эрхгүй төрж, хариулт хайж, өнгөрсөн арваннэгдүгээр сард тийш очсон юм. Гэтэл бидний таамаглаж байсан тавгүй бодол үнэн болох нь нотлогдов. Үнэн хэрэгтээ тэндхийн айлууд үхрээ албаар хогийн цэг дээр идээшүүлж, тарга тэвээрэг авхуулаад хавар намрын цагт мах, сүүг нь нийслэлчүүдийн хүнсэнд нийлүүлдэг болохыг  хөдлөшгүй нотлох баримтаар дэлгэж, “Улаанбаатарчуудад тавагласан улаанчулуутын хог” эхний сурвалжилгаа нийтэлж билээ.

Хавар,намрын цагт л малаа төхөөрч, ченжүүдэд худалддаг аж.

Тэрхүү нийтлэлийн дараа Сонгинохайрхан дүүргийн тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Н.Мөнгөн-Эрдэнэ хэмээх залуу бидэнтэй холбогдож, “Бид тэдгээр үхрийг ирэх онд (2018 он) бүгдийг нь хотоос гаргана. Малчид нэг үхрээ нэг сая төгрөгөөр үнэлж байгаа. Бидэнд одоогоор  300 сая төгрөг байхгүй учир устгалд оруулж чадахгүй байна. Тиймээс махны экспорт яригдаж байгаа энэ үед 300-хан үхрийн асуудлыг олон нийтэд дэлгэмээргүй байна” гэсэн хачирхалтай тайлбар өгч байсныг санаж байгаа байх. Улаанбаатар хотод амьдарч буй 1.3 сая иргэний хүнсний аюулгүй байдалтай холбоотой асуудалд ийн тоомжиргүй хандсан нь асуудлыг нийслэлийн ИТХ-ын дарга, Нийслэлийн Засаг даргын  сонорт хүргэхээс аргагүйд хүргэж “Монгол хүний амь нас аргагүйд 300 сая төгрөгөөс хямд гэв үү” хэмээх хоёр дахь цуврал с урвалжилга, нийтлэл бичсэн юм. Үүнээс хойш 2 сар гаруй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд нийслэл, дүүргийн удирдлагууд ямар ажил хийсэн бол. Манай нийтлэл үр дүнд хүрч чадав уугэсэн асуултыг нэхэн Нарангийн энгэрт байх Улаанчулуутын хогийн цэгийг дахин зорьсон минь энэ. Тэр хавьд мал маллаж байгаа гурван айлаар орлоо. Эхний айл хашаандаа 10 орчим тугал хашчихсан байв. 40 эргэм насны эхнэр нөхөр хоёул  80 орчим насны ээжтэйгээ амьдардаг гэх. Тэд зайсанд амьдардаг Б-гийн 16 үхэр, есөн тугалыг малладаг аж. Одоо 16 үхрийн тав нь хээлтэй байгаа бөгөөд тугалнуудаа өвс, хивэг будаагаар тэжээдэг болох нь хашаандаа хураасан тэжээлээс нь харж болохоор.  Эзэд нь өөрсдөө сүү махаа ирж авдаг. Хаана худалддагийг нь мэдэхгүй. Бид сарын 500 мянган төгрөгийн цалин авч малыг нь хариулдаг” гэж гэрийн эзэн эр хэлэв. Дараа нь бид Цогийнхоор орсон юм. Тэрбээр “Манайх Өвөрхангай аймгаас хот хүрээ газар бараадан  таван жилийн өмнө 10-аад үхрээ туун энд ирж суурьшсан. Анх мах, сүүгээ худалдахад ойр юм болов уу гэж санаж энд ирсэн. Одоо 21 үхэр, 10 тугалтай. Хавар, намрын цагт л малаа төхөөрч, ченжүүдэд худалддаг юм. Одоо олигтой тарга, тэвээрэг аваагүй учраас үнээнээс сүү гарахгүй байгаа. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын сүүлчээр дүүргээс хүмүүс ирж, ирэх тавдугаар сарын 1 гэхэд нүүсэн байгаарай гэж сануулсан. Нүүдэг л байх даа. Өвлйн хүйтэнд хаачих вэ дээ. Дулаан орохоор бидэнд газар зааж өгнө гэсэн” гэв. Ийн хоёр дахь айлаар орж дараагийн айлын хаалгыг татахад 40 гаруй насны залуу хашсан тугалнууддаа өвс хаяж өгч байхдаа таарав. Түүнийг Н.Хүрэлбаатар гэдэг. “Би хүний, өөрийн нийлсэн 40 гаруй үхэр малладаг. Өөрт 20 гаруй тооны үхэр, мөн тооны тугал бий. Малынхаа махыг дулаан орохоор ченжүүдэд нэг килограммыг нь 2000-3000 төгрөгийн хооронд худалддаг. Тарга сайтай үхэр 170, тааруу нь 110 кг татна. Мал эмнэлгийн газрынхан саяхан ирээд хогийн цэг дээрх үхэрнүүдээс шинжилгээ аваад явна лээ. Шууд л барьж аваад гүрээнийх нь судаснаас нь цусны шинжилгээ авчихдаг юм билээ. Ирэх тавдугаар сар гэхэд нүүгээрэй гэсэн. Хог идээд сурчихсан үхэр өвсөөр хоолож чадахгүй. Иймд бүгдийг нь төхөөрч таарах байх. Харин тугалнууд өвс иддэг. Энэ хэдийгээ аваад нүүнэ дээ” гэсээр хийж байсан ажлаа үргэлжлүүлэв.

Биднийг анх очсон үеийг бодоход үхэрнүүдийн тоо харьцангуй цөөрчээ. Тэр үед багацаагаар 300 гаруй тооны үхэр байсан бол энэ удаад нүдэн баримжаагаар тоолбол 200 гаруй д үлдсэн байлаа. Магадгүй манай нийтлэлийн дараа малтай айлуудыг хотоос гаргах ажил эрчимжиж, бага ч болов үр дүн гарсан бололтой.

Харин тавдугаар сар гэхэд энд үлдсэн айлууд нүүх эсэхийг харах л үлдлээ. Гэхдээ Хүрэлбаатарын хэлсэнчлэн өвс идэж чададгүй үхэрнүүдийг нядалж, махыг нь хүнсэнд нийлүүлэх юм бол нийслэлчүүд бид 200 орчим хогон идэштний махаар хооллож дууссаны эцэст энэ асуудлаас нэг юм салах бололтой.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ